ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛД БАРИМТЛАХ ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
2018 оны 01-р сарын 31.     ЛХАГВА ГАРАГ

    Монголын хуульчдын холбооны 2017 оны ерөнхий төлөвлөгөөний 10.6-д "Өмгөөллийн нөхөрлөлд баримтлах хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм боловсруулж, хэрэгжилтийг хангах"-аар заасан. Энэ дагуу Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос "Өмгөөллийн нөхөрлөлд баримтлах хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм"-ийг орчуулан бэлтгэснийг хүргэж байна.[1]

ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛД БАРИМТЛАХ ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Хуульчдын холбооны гишүүн хуульч бүр эрх зүйн тогтолцоонд иргэн бүр тэгш эрхтэй оролцох боломжоор хангах, хуульчийн мэргэжлийн үйлчилгээг эдийн засаг, нийгмийн аливаа асуудлаас шалтгаалан хангалттай хүртэх боломжгүй иргэдэд хүргэх, өөрийн ажиллаж буй эрх зүйн тогтолцоог эрх зүйт ёсонд нийцүүлэн илүү боловсронгуй болгон хөгжүүлэх, олон нийтийн болон хүний эрхтэй холбоотой үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс идэвхтэй оролцоход хуульчийн мэргэжлийн үүргээ ухамсарлан, өөрийн мэдлэг, чадвар, бүхий л нөөц бололцоог дайчилна.
  2. Хуульчдын холбооны гишүүн хуульч бүр хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоог сайжруулах, бэхжүүлэхэд төдийгүй өөрийн болон Өмгөөллийн нөхөрлөлийнхөө мэргэжлийн нэр хүндийг өргөх, түүнийг хөгжүүлэхэд үнэ цэнэтэй, утга учиртай гэдгийг ухамсарлана.
  3. Энэхүү үлгэрчилсэн дүрэм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан Хуульчийн нийтэд тусгай мэргэжлийн үйл ажиллагааг явуулахад Өмгөөллийн нөхөрлөлийн (цаашид “Нөхөрлөл” гэх) баримтлах зарчим, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны төрөл, түүнийг зохион байгуулах арга, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг үнэлэх дүгнэх, үйл ажиллагааны зардал, санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулна.

 

ХОЁР. ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

2.1 Өмгөөллийн нөхөрлөл нь тус нөхөрлөлийн хуульчдын эрхлэх нийтэд тустай үйл ажиллагааг зохион байгуулах, хуульчдын эрхэлсэн нийтэд тустай үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих, нийтэд тустай үйл ажиллагааг эрхлэхэд гишүүдийг урамшуулах чиг үүрэг бүхий хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг зохион байгуулагч (цаашид “Зохион байгуулагч” гэх) томилно.

  1. Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч нь дараах чиг үүрэгтэй байна. Үүнд:
    1. Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг эрхлэхийг урамшуулах, дэмжих;
    2. Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх саналыг хүлээн авах, зөвшөөрөл өгөх, эсхүл татгалзах;
    3. Хуульчийн эрхэлж буй нийтэд тустай үйл ажиллагааны үйл явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд зааварчилгаа өгөх, зохих туслалцаа үзүүлэх;
    4. Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны тайланг тогтмол авах;
    5. Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн бүхий л үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих нэгдсэн системийг бий болгох, түүийг удирдан явуулах.

ГУРАВ. ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ

3.1 Хуульчдын холбооны өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй гишүүн хуульч бүр нэг жилд мэргэжлээр ажиллах ажлын цагаас гадна 40-өөс доошгүй цагийг нийтэд тустай үйл ажиллагаанд зарцуулахыг эрмэлзэнэ.

     3.2. Өмгөөллийн нөхөрлөлийн хуульч нь дор дурдсан хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хариу төлбөргүй эсвэл харьцангуй бага үнийн дүнгээр эрхлэн явуулах бөгөөд нийтэд тустай үйл ажиллагааны төрөл үүгээр хязгаарлагдахгүй:

Санхүүгийн чадваргүй болон орлого багатай хувь хүнд үзүүлэх хууль зүйн үйлчилгээ

    Хууль зүйн үйлчилгээг төлбөртэйгээр хүртэх боломжгүй хувь хүнд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх.

Хүний эрх болон нийтийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хууль зүйн үйлчилгээ

    Аливаа иргэн болон байгууллагын Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой аливаа хэрэгт тухайн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашгийг хамгаалан хууль зүйн үйлчилгээг үзүүлэх.

Нийтийн эрх ашгийн төлөөх сайн дурын байгууллагыг төлөөлөн оролцох

    Сайн дурын, хүний эрхийн, шашны, боловсролын, нийгмийн цөөнх бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг буюу бусад адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад эрх зүйт ёсны хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх.

Нийгмийн эдийн засгийн эрх ашиг, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төлөөлөн оролцох

    Нийгмийн тодорхой нэг бүлгийн эдийн засгийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх зорилготой, эсвэл нийгмийн бага орлоготой иргэдийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, тэдгээрийн санхүүгийн байдлыг дээрдүүлэх үр нөлөөтэй үйл ажиллагаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, энтрепренерүүдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх.

Эрх зүйн тогтолцоон дахь эрх зүйт ёсны хэрэгжилтийг хянах, боловсронгуй болгох

    Шүүх хуралдааны үйл ажиллагаа болон сонгуулийн ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай хууль, дүрэм журмын төсөл боловсруулах үйл ажиллагаанд сайн дураар оролцох, өөрийн хувь нэмрийг зохих ёсоор оруулах.

Эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагаа явуулах

    Санхүүгийн чадваргүй, бага орлоготой болон эрсдэлтэй нөхцөлд байгаа, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст ирээдүйд үүсч болох асуудлаас сэргийлэх үүднээс хууль зүйн тодорхой асуудлаар эрх зүйн боловсрол, мэдлэг олгох буюу энэ зорилгоор сургалт зохион байгуулах.

Хуулийн сургуулийн оюутнуудад болон нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульчдын үйл ажиллагааг чиглүүлэх, зааварчлах

    Хуулийн сургуулийн оюутнуудын болон хуульчдын оролцож буй хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаанд заавар, зөвлөгөө өгөх, тус үйл ажиллагааг удирдаж чиглүүлэх, менторын үүрэг гүйцэтгэх.

ДӨРӨВ. ХУУЛЬЧДЫН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ

4.1 Өмгөөллийн нөхөрлөлийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд аливаа эрсдэл, асуудал үүсгэхгүй байх, үр дүнгүй байхаас сэргийлэх үүднээс тус Өмгөөллийн нөхөрлөлд хэрэгжиж буй хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны бүхий л шатанд хяналт тавих үүрэгтэй.

4.2 Энэхүү журмын 4.1-д заасан зохион байгуулагчийн чиг үүргийг хангахын тулд Өмгөөллийн нөхөрлөл нь хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах үе шатыг баримтална:

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүсэлт бэлдэх

    Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйлчилгээг авахын тулд тухайн үйлчилгээг авах хүсэлтэй иргэн, байгууллага болон тухайн нийтэд тустай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг санаачлагч хуульч нь дараах мэдээллийг агуулсан хүсэлтийг Өмгөөллийн нөхөрлөлийн удирдлагад гаргана:

  1. хүсэл гаргасан иргэн, байгууллагын мэдээлэл;
  2. тухайн хэргийн тухай тодорхой мэдээлэл, ач холбогдол бүхий нөхцөл байдлын мэдээлэл;
  3. нийтэд тустай үйл ажиллагааг явуулахад шаардагдах хугацаа, төсөв;
  4. хүлээгдэх үр дүнгийн таамаглал;
  5. тухайн хэрэг дээр ажиллах хүсэлтэй хуульчийн мэдлэг, чадварын мэдээлэл.

​​Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүсэлтийг хянах, бүртгэх

Нөхөрлөлийн удирдлага нь энэхүү журмын 4.2.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, мэдээллийг хянан үзсэний үндсэн дээр хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд нөхөрлөлийн Зохион байгуулагч хүсэлтийг нийтэд тустай үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлд оруулна.

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хариуцах хуульчийг томилох

    Зохион байгуулагч хүсэлтийг нэгдсэн бүртгэлд оруулсны дараа тус Өмгөөллийн нөхөрлөлөөс уг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд тохирох мэдлэг, туршлагатай хуульчдад хэргийн болон үйлчлүүлэгчийн мэдээллийг танилцуулж, хэлэлцсэний үндсэн дээр тухайн ажлыг хариуцах хуульчийг томилно.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хариу төлбөргүй үзүүлэх үйлчилгээний гэрээг байгуулах

Тус нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хуульч нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн нийтэд тустай үйл ажиллагааны үйлчлүүлэгч иргэн, байгууллагатай байгуулна. Гэрээ байгуулахад тохиромжгүй нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд тус үйл ажиллагааг хариуцаж буй хуульчийн бичгээр гаргасан мэдээллийг хүлээн авч, бүртгэлд оруулна. Гэрээний загвар, нөхцөлийг тухайн нөхөрлөл бэлтгэнэ.

Нийтэд тустай үйл ажиллагаанд хяналт тавих

Зохион байгуулагч энэхүү журмын 4.2.4-д заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээний гэрээг хүлээн авсан даруй түүнийг нэгдсэн бүртгэлд оруулан, хариуцан ажиллаж буй хуульчаас сар бүр тогтмол тайлан авна.

Зохион байгуулагч хэрвээ тухайн хуульчийн хариуцаж буй нийтэд тустай үйл ажиллагааны үйл явц, үр дүн хангалтгүй байна гэж үзэж байвал тухайн хэрэгт мэргэшсэн хуульчдыг тухайн хэрэгт чиглүүлэгч болох хүсэлт тавих, бусад шаардлагатай зүйлсээр тусалж, тухайн хэргийг үр дүнтэй шийдвэрлүүлэхэд бүхий л туслалцааг үзүүлнэ.

Хуулийн сургуулийн оюутнуудын туслалцааг авах

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд дараах нөхцөлд хуулийн сургуулийн оюутнуудын туслалцаа авч, ажиллуулж болно:

  1. Тодорхой нэг хэрэг дээр тухайн хэрэгтэй холбоотой хангалттай туршлагатай хуульч ахалж ажиллаж байгаа тохиолдолд;
  2. Тухайн хэргийг нийтэд тустай сайн дурын ажлыг санаачилж байгаа тодорхой байгууллага удирдан явуулж байгаа тохиолдолд.

Нийтэд тустай үйл ажиллагааг өөр хуульчдад шилжүүлэх

Нийтэд тустай үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан хуульч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хариуцах боломжгүй тохиолдолд нөхөрлөлийн Зохион байгуулагчтай зөвшилцөн өөр ижил туршлагатай, мэдлэгтэй хуульчид хэргийг шилжүүлэн өгсний үндсэн дээр тухайн хэрэгтэй холбоотой үйл ажиллагаанаас түдгэлзэнэ.

ТАВ. НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

5.1 Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульч нэхэмжлэлийг шүүхэд өгсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлөх, нотлох баримт цуглуулах, гэрчийг дуудахад гарах шүүхийн зардал зэрэг тухайн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг явуулахад гарах зардлыг хөнгөлөх, чөлөөлүүлэх талаар санаачлагатай ажиллана.

5.2 Тус үйл ажиллагаатай холбоотой бусад зайлшгүй гарах зардлыг хариуцан ажиллаж буй хуульч тухайн хэргийг шийдвэрлэснээр хүлээн авах мөнгөн хөрөнгөөс нөхөн авах, эсхүл урьдчилан төлүүлэх асуудлыг үйлчлүүлэгчтэй зөвшилцөж гэрээндээ тодорхой тусгана.

5.3 Тухайн хэрэгтэй холбоотойгоор шинжээчийн зардал, орчуулагчийн зардал гарах тохиолдолд хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороотой гэрээтэй орчуулагч, шинжээчдээс туслалцаа авч болно.

ЗУРГАА. ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ

6.1. Нөхөрлөлийн удирдлага болон зохион байгуулагч нь нөхөрлөлийн хуульчдын нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг явуулж буй ажилд үнэлэх, дүгнэхдээ  тухайн үйл ажиллагаанд зарцуулж буй цаг, идэвх санаачлага болон ирүүлсэн тайланг үндэслэнэ.

6.2. Өмгөөллийн нөхөрлөл нь тус нөхөрлөлийн гишүүн хуульч бүрийг нэг жилд өөрийн үндсэн ажлын цагаас гадна 40-өөс доошгүй цагийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад зарцуулахыг урамшуулан дэмжинэ.

6.3. Нөхөрлөлийн хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаанд зарцуулсан цаг, идэвх нь нөхөрлөлийн үндсэн зорилго, нэр хүндэд чухал ач холбогдолтой учраас тус нөхөрлөл нь хуульчийн тухайн жилийн ажлын үнэлгээг үнэлэх, цалин урамшуулал бодох, олгохдоо нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулсан цаг хугацаа, идэвх чармайлтыг харгалзан үзнэ.

 


[1] Тус хорооны гишүүн, хуульч Д.Отгонтуяа эрхлэн бэлтгэв. 2017.08




УНШСАН: 522

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.