Хуульчдын холбооны Ерөнхийлөгч хороодын дарга нартай уулзлаа
2018 оны 11-р сарын 29.     ПҮРЭВ ГАРАГ

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд нар чиг үүргийн болон сайн дурын хороодын дарга нарыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

    Уулзалтаар Хуульчдын холбооны 2018 оны ажлын биелэлт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар зөвлөлдөж, санал хуваалцсан юм. Тодруулбал, Хуульчдын холбооны удирдлагын зүгээс 2019 онд хуульчдын үргэлжилсэн сургалтыг шинэ түвшинд гаргаж, гишүүдэд чирэгдэлгүй, уян хатан байдлаар зохион байгуулж, онлайн болон зайн сургалтыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг мэдээлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гишүүдийг чадавхжуулахад анхаарч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Олон улсын болон дотоодын төрийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлаа уялдуулах, тэр дундаа хороод хоорондоо уялдаатай ажиллаж, ажлаа үр дүнтэй зохион байгуулж байх хэрэгтэйг уламжилсан.

    Хороодын дарга нарын зүгээс хороодын хамтын ажиллагаа сайжруулж, 2019 оноос гишүүд болон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд тус уулзалтад Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга М.Баяраа, Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны дарга О.Мөнхсайхан, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга Ц.Мөнхбат, Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюумаа, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Галбадар, Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн О.Батхүү, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн С.Баянмөнх, Нөхөрлөлийн хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Б.Баяр нар оролцлоо.




УНШСАН: 298