“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2018 оны 12-р сарын 03.     ДАВАА ГАРАГ

    Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороо нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлгээр ““Захиргааны хариуцлага ба эрүүгийн хариуцлагын харилцан хамаарлын талаарх Англо-Саксоны эрх зүйн системийн жишээ” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.Цогт, “Зөрчлийг шалган шийдвэрлэх субъект ба тэдгээрийн шийдвэрийн эсрэг гаргасан гомдол, нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх шүүх (гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт)” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн магистр Т.Мөнх-Эрдэнэ, “Зөрчлийн хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, “Зөрчлийн захиргааны акт гаргах, уг актыг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо” сэдвээр “Оюуны Иноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал, хуульч П.Баттулга нар илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

    Илтгэгчдийн хувьд “Захиргааны зөрчил” нь захиргааны эрх зүйн судлагдахуун болох тухай онолын асуудал, “зөрчлийн хэрэг”-ийг шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаарх зарим улсын туршлагыг харьцуулах, зөрчлийг хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх  ажиллагаа, прокурорын оролцооны талаарх зохицуулалтын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, уг асуудлаар хийсэн судалгааны ажлыг танилцуулсан. Тус хэлэлцүүлгийг Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Мягмар хөтлөн явуулсан бөгөөд 40 гаруй хуульч оролцсон юм.

    Хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт гарсныг энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд та бүхэн Цэцийн дүгнэлт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэртэй танилцана уу. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх юм. 




УНШСАН: 221

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.