МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
2018 оны 12-р сарын 04.     МЯГМАР ГАРАГ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Монгол Улсын хууль зүйн салбарт ажиллаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөх чиглэлээр нийгэмд үлгэр дуурайл болж, мэргэжлээрээ манлайлсан, Монголын Хуульчдын холбооны хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Оны шилдэг хуульч”-ийг тодруулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

    Хоёр. Шагналын төрөл, нэр дэвшүүлэх

2.1. Оны шилдэг хуульчдыг дараах төрлөөр шалгаруулна. Үүнд:

                        2.1.1.“Шилдэг хуульч-шүүгч”

                        2.1.2. “Шилдэг хуульч-прокурор”

                        2.1.3.“Шилдэг хуульч-өмгөөлөгч”

                        2.1.4.“Шилдэг хуульч-хуулийн зөвлөх”

                        2.1.5.“Шилдэг хуульч-эрдэмтэн”

                        2.1.6.“Шилдэг хуульч-нотариатч”

                        2.1.7.“Шилдэг про-боно хуульч”

                        2.1.8.”Шилдэг залуу хуульч”

                        2.1.9.“Шилдэг хуульч-мэргэжилтэн”

                        2.1.10.“Шилдэг өмгөөллийн нөхөрлөл”

                        2.1.11.“Шилдэг хороо”

2.2. Оны шилдэг хуульчдыг дараах байдлаар нэр дэвшүүлнэ.

2.2.1.шилдэг хуульч-шүүгчид Шүүгчдийн хороо 3 хүртэлх шүүгч;

2.2.2.шилдэг хуульч-прокурорт Прокурорын хороо 3 хүртэлх прокурор;  

2.2.3.шилдэг хуульч-өмгөөлөгчид Өмгөөлөгчдийн хороо 3 хүртэлх өмгөөлөгч;

2.2.4.шилдэг про-боно хуульчид Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо болон Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо тус бүр 2 хүртэлх хуульч;

2.2.5.шилдэг хуульч-эрдэмтэнд Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороо тус бүр 1 хүртэлх хуульч эрдэмтэн;

2.2.6.шилдэг хуульч-хуулийн зөвлөхөд аж ахуйн нэгж, компани нь 1 хүртэлх хуульч;

2.2.7.шилдэг хуульч-нотариатчид Монголын Нотариатчдын танхим 3 хүртэлх нотариатч;

2.2.8.шилдэг хуульч-мэргэжилтэнд төрийн байгууллага 1 хүртэлх хуульч;

2.2.9.шилдэг залуу хуульчид Хуульчдын холбооны сайн дурын хороо тус бүр 2 хүртэлх хуульч;

2.2.10.шилдэг өмгөөллийн нөхөрлөлд Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо 3 хүртэлх өмгөөллийн нөхөрлөл;

2.2.11.шилдэг хороонд Хуульчдын холбооны хороод өөрийн нэрийг тус тус дэвшүүлнэ.

Гурав. Нэр дэвшигчид тавих шаардлага

3.1.Удирдамжийн 2.2.1-2.2.9-д заасан нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх /уг заалт нь шилдэг залуу хуульчид нэр дэвшигчид хамаарахгүй болно/;

3.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байгаа;

       3.1.3.хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүйн зөрчилгүй байх /тухайн байгууллагын захиргаа, сахилгын арга хэмжээ үүнд хамаарна/;

       3.1.4.Хуульчдын холбооны гишүүний үүргийн зөрчилгүй байх;

3.1.5.Хуульчдын холбоо, хорооны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон байх /олон нийтийн арга хэмжээ, хэлэлцүүлэг, хурал, өдөрлөг, сургалт,  семинар, бусад ажил/;

3.2. Зарим нэр дэвшигчид дараах тусгай шаардлагыг хангасан байна.

3.2.1.  “Шилдэг хуульч-эрдэмтэн”-д нэр дэвшигч нь эрх зүйн аль нэг салбар чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг, нэг сэдэвт болон хамтарсан бүтээл гаргаж, бүтээл нь мэргэжлийн сэтгүүл, ном болон хэвлэгдсэн байх, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуульд багшилж байгаа;

3.2.2 “Шилдэг про-боно хуульч”-д нэр дэвшигч нь тухайн жилд 2-оос доошгүй төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлсэн байххүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд оролцсон байх;

3.2.3 “Шилдэг хуульч-хуулийн зөвлөх”-д нэр дэвшигч нь Монгол Улсад бүртгэлтэй 2017 оноос өмнө үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болон Төрийн бус байгууллагад орон тооны хуулийн зөвлөх, хуульчаар ажиллаж байгаа;

3.2.4 “Шилдэг хуульч-мэргэжилтэн”-д нэр дэвшигч нь Төрийн захиргааны аль нэг байгууллагад ажилладаг байх;

3.2.5. ”Шилдэг залуу хуульч”-д нэр дэвшигч нь 35-аас доош насны байх.

3.3. Шилдэг-өмгөөллийн нөхөрлөлд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо зохион байгуулна.

Дөрөв. Бүрдүүлэх материал,  хүлээн авах

4.1.Шилдэг хуульчид нэр дэвшигчийн бүрдүүлэх материалд дараах бичиг баримтыг хавсаргана.

                       4.1.1. нэр дэвшигчийн анкет /төрийн албан хаагчийн анкет/;

          4.1.2. хоёр хувь цээж зураг /3x4 хэмжээтэй/;

                       4.1.3. Тодорхойлолт/ажил олгогчийн тодорхойлолт эсхүл 1-2 хамтран ажиллагчийн тодорхойлолт байх/;

                       4.1.4хорооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэр;

                       4.1.5. бусад /зарим нэр дэвшигч нь тусгай шаардлагыг хангасан тухай бусад баримт бичиг/.

4.2.Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагт багтаан Хуульчдын холбооны 403 тоотод ирүүлнэ. Тамгын газрын мэргэжилтэн нь шаардлага хангасан материалыг хүлээн авна.

Тав. Сонгон шалгаруулах

5.1.Оны шилдэг хуульч, нөхөрлөл, хороог шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулна.

5.2.Тамгын газрын мэргэжилтэн нь удирдамжид заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг ажлын хэсэгт хүргүүлнэ.

5.3.Ажлын хэсэг энэхүү удирдамжийн 2.1-т заасан төрөл тус бүрээр шилдгүүдийг шалгаруулахдаа дараах шалгуур үзүүлэлтийг харгалзана.

5.3.1 Удирдамжийн 3 дугаар бүлэгт заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэх;

5.3.2 Удирдамжийн 3.1.4-т заасан шаардлагыг биелүүлсэн эсэхийг дүгнэхдээ хуульчийн үүргийн биелэлтийг үнэлэхдээ гишүүний татвар, сургалтын багц цагаа цаг тухайд нь төлж, гүйцэтгэдэг эсэхийг харгалзана ;

5.3.3 Хуульчдын холбоо, хорооны чиг үүрэг, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг цаг тухайд нь хэрэгжүүлсэн байх, холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг тухай бүр чанартай гүйцэтгэсэн байх;

5.3.4 Хуульчдын холбоо болон өөрийн гишүүнчлэлтэй хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр шинэ санаа, санаачилга гаргасан эсэх;

5.3.5 Хууль, дүрэм, журам бусад баримт бичгийн төсөл боловсруулахад оролцсон, уг ажлын хэсэгт орж ажилласан, өөрийн зүгээс санал, дүгнэлт гаргасан байх;                                           

5.3.6 Хуульчдын холбооноос зохион байгуулсан олон улсын болон дотоодын хуралд илтгэл хэлэлцүүлсэн, оролцсон, ном гарын авлага бичсэн, орчуулсан, хуульчдад хичээл, сургалт заасан болон бусад олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон байх.

5.4. Ажлын хэсгээс хуульчдад шагналыг олгуулахаар холбогдох материалыг хавсарган холбооны Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Зургаа. Шагнал

6.1.Шагналд Монголын Хуульчдын холбооны нэрэмжит шагнал буюу "Фемида", оны шилдэг хуульчийн өргөмжлөл багтана.

6.2. Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар "ФЕМИДА-2018” шилдэг хуульч шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр буюу 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгоно.

-ооОоо-

ХОЛБОО БАРИХ:70116364




УНШСАН: 400

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.