Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхтэй холбогдсон харилцааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын Тавдугаар бүлгийн “Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл”, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөгөөний 3 дугаар хавсралтаар батлагдсан “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам”-аар тус тус зохицуулж байна.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуульч нь өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх тухай хүсэлтээ Хуульчдын холбоонд гаргах ба хүсэлтдээ (Хүсэлтээ гараар бичсэн байх) дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

  1. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  2. ажлын байрны талаарх мэдээлэл; (Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийнх бол түрээсийн гэрээ, хувийн өмчлөлийнх бол гэрчилгээний хуулбар г.м)
  3. харилцах дансны талаарх харилцагч банкны тодорхойлолт;
  4. Өмнөх ажлаас чөлөөлөгдсөн тушаал (Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиар нь авч ирэх) 
  5. өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт буюу гэрээний хуулбар /Тус даатгалын гэрээг Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээ-ний загварын дагуу байгуулна/

    Хуульчдын холбооны зөвлөлөөс баталсан дээрх гэрээний загварын дагуу өмгөөлөгчтэй хариуцлагын даатгалын гэрээг байгуулж байх асуудлаар тус холбоотой дор дурдсан даатгалын компаниуд Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна:

1.“Улаанбаатар хотын даатгал” ХХК;

2.“Практикал даатгал” ХХК;

3.“Номин даатгал” ХХК;

4.“Монре даатгал” ХХК;

5.“Миг даатгал” ХХК;

6.“Ард даатгал” ХХК;

7.“Бодь даатгал” ХХК,

8.“Гэр даатгал” ХХК

9."Хаан даатгал" ХХК

    Өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх тухай хуульчийн хүсэлтийг Холбооны Тамгын газар хүлээн авч, тухайн хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын “...өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна”, 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтын “...ажлын байртай, банкинд харилцах данстай байна”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын “...ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно”гэсэн шаардлага болон холбогдох бусад хууль тогтоомжоор өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгчид тавигдсан шаардлагыг хангаж буй эсэхийг ажлын 10 хоногийн дотор хянан үзнэ.

    Тухайн хуульч өмгөөллийн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол шүүхэд төлөөлөх эрх нээлгэх хүсэлтээ гаргах эрхтэй болох талаарх мэдэгдлийг түүнд хүргүүлэх ба тухайн мэдэгдлийг хүлээн авсан хуульч 14 хоногийн дотор шүүхэд төлөөлөх эрх нээлгэх хүсэлтээ Монгол Улсын Дээд шүүхэд гаргана.

    Монгол Улсын Дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрх нээлгэх өргөдөл гаргахтай холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу.

    Шүүхэд төлөөлөх эрх нээлгэсэн хуульч өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн тухай баримтыг ажлын 5 хоногийн дотор Холбоонд хүргүүлэх ба уг баримтыг үндэслэн тухайн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг Бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан хийнэ.

Шүүхэд төлөөлөх эрх түдгэлзүүлэх өргөдлийн маягт ТАТАХ

Шүүхэд төлөөлөх эрх сэргээх өргөдлийн маягт ТАТАХ

 

 

--000---