Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар:

  • хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;
  • шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох

… зэрэг үйл ажиллагаа явуулна.

Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  •  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  •  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  •   эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
  • олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  •   шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
  •  хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.

 

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

 

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд  байгуулан үзүүлж болно.

 

Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээдийн хэлбэр нь нөхөрлөл байх бөгөөд өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

 

Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь заавал өмгөөлөгч байна.

 

Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулбал түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

 

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэнэ.

 

Өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах /өмгөөлөгчөө сонгох/

 

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ туслалцаа авах боломжтой.

 

Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

 

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын холбоонд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авна.

 

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэнэ.

 

Өмгөөллийн үйлчилгээний хөлс

 

Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

 

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болно.

 

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

 

Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байдаг.