ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ХАРИЛЦАА

    Захиргааны эрх зүйн хүрээний захиргааны бүхий л үйл ажиллагааны суурь ойлголтыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна. Өөрөөр хэлбэл ИРГЭН  болон ЗАХИРГАА хоёрын хооронд үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн үг юм. Харин захиргааны байгууллага дотоод харилцааны асуудал энэ хуулийн зохицуулалтад шууд хамаарахгүй.  Учир нь нэг талаас захиргааны байгууллагын ачаалалыг хэт нэмэхгүй байх, нөгөө талаас захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уян хатан үйл ажиллагаа явуулах боломжтой байх ёстой учраас захиргаа дотоодын асуудлыг уг хуулиар зохицуулахгүй, зөвхөн тус хуулийн 10 дугаар зүйлд заасан харилцан туслалцах харилцаагаар хязгаарлана. Захиргааны ерөнхий хууль нь иргэн, захиргаа хоорондын харилцааны бүх явцад хамааралтай. Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагааны харилцаа үүсэх, энэ харилцаанд иргэний эдлэх эрх, захиргааны хүлээх үүрэг, захиргаанаас үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчим, захиргаанаас гарах шийдвэрийн төрөл, түүнд тавигдах шаардлага, захиргааны шийдвэрийг гүйцэтгэх, захиргааны шийдвэрт гомдол гаргах журам, захиргааны албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын харилцаа бүхэлдээ зохицуулагдана. 

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

    Захиргааны байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, нийтийн ашиг сонирхлын илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тодорхойлсон.  Тиймээс төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг бүх байгууллага болон нийтийн захиргааны бусад байгууллагыг бүхэлд нь захиргааны байгууллага хэмээн ойлгоно. ЗХХШТХ-ийн 3.1.1 дэх заалтын тодорхойлолтоос гадна 4.1 дэх заалтын дагуу захиргааны байгууллагыг тоочсон байдлаар биш харин ерөнхий шинжээр нь томьёолон оруулсан билээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн үйлчлэхгүй хүрээг заасан тул захиргааны байгууллага гэдгийг ерөнхий шинжээр нь тодорхойлсоноор нийтийн эрх зүйн хүрээнд адил  төрлийн үйл ажиллагаа, эсхүл шийдвэрийн хяналтын харьяалал нь өөр байх буюу хяналтаас гадуур үлдэхгүй байх боломжийг бүрдүүлэх юм.

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙН ИЛРЭХ ХЭЛБЭР

    Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны гэрээ  хэлбэрээр илэрнэ. /4,5,6 дугаар бүлэг/ Захиргааны үйл ажиллагаа нь иргэнд нааштай эерэг үр дагавар үүсгэхээр, эсвэл эрхийг нь хязгаарласан сөрөг үр дагавар үүсгэхээр, мөн нэг удаагийн арга хэмжээ байдлаар илрэх, эсхүл бодит үйлдлээр юм уу амаар илрэхээр, мөн нийтэд хамаатай хэм хэмжээ тогтоосон байдлаар, захиргааны гэрээ байдлаар, захиргааны тусгай үйл ажиллагааны зэрэг олон төрлөөр илэрч болох ба эцэстээ захиргааны бүхий л үйл ажиллагаа дээрхи гурван шийдвэрийн аль нэг төрлөөр нь хэлбэржинэ гэсэн үг юм. Захиргааны акт нь  ЗХХШТХ-ийн 3.1.4 дүгээр зүйлийн тодорхойлолт, захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд суурилсан бол харин захиргааны гэрээ нь хуульчилан зохицуулагдаагүй байсан шинэ хэлбэр юм.  Захиргааны байгууллагын чиг үүрэг нь нийгмийн бүхий л хүрээ, салбарыг хамардаг тул дээрхи гурван тодорхой заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэрээс гадна бусад хэлбэр байх боломжийг тус хуулийн 11.4 дэх заалтаар олгожээ.

ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОХИЦУУЛАЛТ

Иргэний эрхийг хангах тогтолцоо бүрдүүлэх үүргийг Монгол улсын Үндсэн хуулиар бүх төрийн байгууллага хүлээдэг. /ҮХ 19.1 дүгээр зүйл/  Тиймээс эрх  зүйт төрийн үзэл баримтлалын дагуу зөвхөн нэг талын зорилгыг баримтлан Засгийн газрын буюу төрийн байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд хүний эрхийг хөсөрдүүлэхгүйгээр зөвхөн хуульд заасан журмаар ажиллах, шийдвэр гаргах үүрэгтэй болно. Маш өргөн хүрээний харилцааг зохицуулдаг, олон тооны албан хаагч, тодорхой шатлан захирах бүтэцтэй, улсын төсвөөс санхүүжилтийн эх үүсвэр авдаг захиргааны байгууллагаас иргэний эрхийг зөрчих, эрхийг хууль бусаар хязгаарлах, дур зоргоороо шийдвэр гаргах боломжтой байдаг учраас хүний эрхийг хамгаалах, нөгөө талдаа захиргааны байгууллагыг үүрэгжүүлэх шаардлагатай болдог байна.  Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогчдыг сонсох, зөвлөгөө, мэдээллээр хангах,  шийдвэрийн үндэслэлийг заавал бичих, шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, захиргааны шийдвэрт гомдол гаргах  зэрэг шийдвэр гаргах ажиллагаанд иргэний эдлэх эрх, нөгөө талдаа захиргааны хүлээх үүргийг тодорхойлсон.  Энэ хуулийн зарчим, заалтууд хэрэгжсэнээр захиргааны үйл ажиллагаа нэгдмэл стандарттай болж Үндсэн хуульд тунхагласан эрх зүйт төрийн зарчмыг амьдруулан хэрэгжүүлэх юм. 

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ЭЕРЭГ ҮР НӨЛӨӨ

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1.          Захиргааны үйл ажиллагаа тодорхой, ойлгомжтой болно;

2.          Хуулийн хэрэгжилт сайжрана.

1. Захиргааны нэг жишиг стандарт тогтооно

2. Үйл ажиллагааны зарчим тодорхой болно;

3. Эрх, үүрэг тодорхой болно;

4. Захиргаа хариуцлагатай болно;

5.   Захиргаа хуулийн хяналтад байна

1. Иргэнд ойртоно;

2. Иргэнд мэдээлнэ;

3. Иргэнээ сонсоно;

4. Иргэнээ оролцуулна;

5.   Иргэдийн захиргаанд итгэх итгэл нэмэгдэнэ.

 

БЭЛТГЭСЭН: ДОКТОР Д.СҮНЖИД (2015.06.19)