МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын   нэгдсэн стандарт тогтоох хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр иргэн та, мэдлэг, ур чадвартай, хариуцлага, ёс зүйтэй хуульчаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ.

 

ТА ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД ДАРААХ АСУУДЛУУДААР ХАНДАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ

БОЛОМЖТОЙ

 

•     Хуульчдын  нэгдсэн  бүртгэлтэй,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн талаар мэдээлэл авах;

•     Өмгөөлөгч,      өмгөөллийн      нөхөрлөлийн талаарх мэдээлэл авах;

•     Төлбөрийн чадваргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэд хууль зүйн туслалцаа хүсэх;

•     Хуульчийн    талаарх    гомдол,    мэдээлэл гаргах;

•     Хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох;

•     Хэрэв та мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх;

Хуульчдын талаар хуульчдын нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, мэргэжлийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг талаарх мэдээллийг Хуульчдын холбооноос авах боломжтой.

 

ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Иргэн танд хууль зүйн туслалцаа хэрэгтэй бол өмгөөлөгчид шууд хандах, эсхүл Хуульчдын холбоонд хандах боломжтой. Хуульчдын холбоо нь өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагааг иргэдэд өгөх, эсхүл онлайнаар www.mglbar.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.

Өмгөөлөгчдийн нэр хаягийн лавлагаанд:

•     Хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн огноо;

•     Хуульчийн   мэргэжлийн   үйл   ажиллагаа   эрхлэх зөвшөөрөл авсан огноо;

•     Ажлын байрны хаяг;

•     Эрх зүйн мэргэшсэн чиглэл зэрэг тусгагдана.

Мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн нэр, хаягийн лавлагааг иргэн, хуулийн этгээдэд гаргаж өгнө.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ШААРДЛАГАТАЙ БОЛ

Хуульчдын холбоонд дараах байгууллага, иргэд хандаж хууль зүйн туслалцаа хүсвэл.

•     Төлбөрийн чадваргүй эсхүл бага орлогтой иргэд;

•     Төлбөрийн  чадваргүй  эсхүл  бага  орлогтой  иргэд туслах зорилготой байгууллага;

•     Үндсэн  хууль,  олон  улсын  гэрээ,  конвенц,  бусад хуулиар олгогдсон иргэний болон хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа  хувь хүн, бүлэг, байгууллага;

•     Хууль зүйн үйлчилгээний хөлсийг төлөх санхүүгийн чадваргүй байгууллага;

Таны хүсэлтийн дагуу хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг Хуульчдын холбоо зохион байгуулна.

 

ХУУЛЬЧДЫН ТАЛААР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ БОЛ

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД нь хуульч хууль, дүрэм зөрчсөн  талаарх  болон  танд  үзүүлж  буй  үйлчилгээ нь мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байгаа тохиолдолд гомдол, мэдээллийг амаар эсхүл бичгээр Хуульчдын холбооны МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНД гаргана.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ МАРГААНЫГ ДОР ДУРЬДСАН БАЙДЛААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ:

Иргэд гомдол, мэдээлэл гаргах-Хуульчдын эсрэг гомдол, мэдээлэл гаргаснаас хойш 14 хоногт багтаан хянан үзэж маргаан үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 7 хоног сунгана.

 

Маргааныг үүсгэх- Гомдол, мэдээлэлд дурьдсан нөхцөл байдал нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил эсхүл мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй тухай маргаанд хамаарахаар бол маргаан үүсгэнэ.

 

Маргааныг шалгах- Шалгах ажиллагааг Мэргэжлийн хариуцлагын хорооны шалгагч явуулна.

Маргаан үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шалгаж ажиллагааг явуулна, маргааны ээдрээ төвөгтэй байдлаар шалгаалан 30 хоногоор сунгах боломжтой.

 

Сахилгын шинжээч дүгнэлт гаргах- Сахилгын шинжээч нь хуульчийн гаргасан зөрчлийн мөн чанарыг хангалттай, бодитой тогтоосон баримт, нотолгоо бүрдсэн гэж үзвэл тухайн хуульчид хариуцлага тооцуулах тухай мэргэжлийн дүгнэлт үйлдэж Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шилжүүлнэ.

 

Маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх- Зөрчил гаргасан хуульч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.

 

Маргааныг хуралдаанаар шийдвэрлэх- Маргааныг мэргэжлийн хариуцлагын хорооны 5 гишүүнтэй бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. Хуралдаанаар хуульчдын зөрчил гаргасан эсэх, мэргэжил, ур чадварын хувьд хангалттай байсан эсэхийг тогтоож дараах шийдвэрүүдийг гаргана.

•     Хаалттай сануулга;

•     Нээлттэй сануулга;

•     Шүүхэд  төлөөлөх  эрх,  хуульчийн  зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх;

•     Хуульчийн     зөвшөөрлийг     хугацаатай     эсхүл хугацаагүй хүчингүй болгох;

•     Нэмэлт   шийтгэл   оногдуулах   шийдвэрүүдийг гаргах боломжтой.

 

ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТАНД ОРОХЫГ ХҮСЧ БАЙГАА БОЛ:

Хуульч болохыг хүсч байгаа иргэд нь:

•     Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгсөж,

•     Дараа  нь  хоёроос  доошгүй  жил  мэргэжлийн дадлага хийснээр Хуульчийн мэргэжлийн

      шалгалтанд орох эрхтэй болно.

Мэргэжлийн дадлага гэдэг нь:

•     Шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;

•     Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;

•     Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

      Шаардлага хангасан иргэд нь хуульчийн шалгалтанд орох    өргөдлөө    ШАЛГАЛТЫН    КОМИССТ    гаргана.

Өргөдөлдөө дараах баримтуудыг хавсаргана.

  • Иргэний үнэмлэх, түүнийг орлох баримт бичиг;
  • Хуульч   мэргэжлийн   боловсролын   дипломын хуулбар;
  • Мэргэжлийн    дадлагын    тухай    тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хуульчдын холбооноос баталсан өргөдөл гаргагчийн биеийн байцаалтыг бөглөсөн маягт;

     Шалгалтанд тэнцсэн тохиолдолд 30 хоногийн дотор батламж олгоно.