“Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын төсөл”-ийн танилцуулга, хэлэлцүүлгийн бичлэг/

2017-04-03 | Уншсан: 3261

    Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсруулсантай холбогдуулан төслүүдийн цуврал хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна.

    Эхний хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын төсөл”-ийн хүрээнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж үг хэлсэн бөгөөд Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга, доктор О.Мөнхсайхан төслийн агуулга, үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн. Хэлэлцүүлэгт  Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Хууль зүйн их дээд сургуулиудын төлөөлөл, хуульчид оролцлоо.

    Төсөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт, хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт, хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандарт, хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандартыг  тус бүрт нь задалж нарийвчилсан шаардлагуудыг тодорхойлсон юм.

    Төслөөр хууль зүйн боловсролын хөтөлбөрийг эрх зүйн бакалаврын сургалт болон хуульч бэлтгэх сургалт хэмээн ангилан зохицуулахаар тусгасан. Хууль зүйн боловсролын хөтөлбөр нь Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх, мэргэжлээрээ ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий өндөр хариуцлага, ёс зүйтэй хуульчийг бэлтгэхэд чиглэгдсэн бол эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь эрх зүйн бакалавр зэрэгтэй төгсөж, эрх зүйч мэргэжлээр ажиллах боломжтой юм.

     Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуульчийн мэргэжлийн байгууллагаас хууль зүйн их, дээд сургуулийг магадлан итгэмжлэх нь хууль зүйн боловсролыг нэгдсэн стандарт, тогтолцоотой болгох, цаашлаад салбарын чадварлаг боловсон хүчин бэлтгэх үндэс тавигдаж байна гэдгийг онцолсон. Түүнчлэн  төслийн үзэл баримтлалыг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийг боловсронгуй болгох талаарх  өөрсдийн саналыг уламжиллаа.

 

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬД ТАВИХ НЭГДСЭН ШААРДЛАГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ

2017.03.31

    Б.Эрдэнэбат/БМИҮЗ/: Төслийн ерөнхий утга санааг бол дэмжиж байна. Зарим нэг тусгай мэргэжлийн магадлан итгэмжлэлийг тухайн мэргэжлийн байгууллагууд нь хийдэг байх ерөнхий концефци Боловсролын тухай хуульд байгаа. Гэвч Боловсролын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөрчилдөөнтэй заалтууд байна. Өнгөрсөн онд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Боловсролын тухай хуулийн 26.5-д “Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна”. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоо хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэл хийнэ гэсэн агуулга байгаа. Дээрээс нь Дээд боловсролын тухай хуулийн 8-д сургууль нь хөтөлбөрөө эрдмийн зөвлөлөөр батлуулна гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр хуульч мэргэжилд тавих шаардлагыг БСШУСЯ-аас тусад нь гаргах гээд байгаа юм шиг агуулга харагдаж байна.

БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг батлуулахаар санал гаргасан байгаа. Одоогоор сургуулийг магадлан итгэмжилдэг ганцхан байгууллага байгаа. Энэ нь БМИҮЗ. Цаашид тус дүрмээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагуудыг шинээр бий болгох эрх зүйн байдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь сайн дурын шинжтэй гэсэн боловч танайхаас магадлан итгэмжлээгүй бол хуульчийн шалгалтад орох эрхгүй байх нь нэг талаас албадлагын шинжтэй болох юм. Иймд дээрх 2 хуулиудын өөрчлөлт, зохицуулалтыг судлаад цаашид нийцүүлэх ажлыг хамтарч хийх шаардлага тулгарч байна.  Хуульчдын холбоо энэ тал дээр ямар ажил хийж байна?

Б.Одончимэг/Хууль сахиулахын их сургууль/Хуулийн сургууль, сургалтын хөтөлбөрийн стандарт түүнд оролцох талуудыг тодорхойлсон байна. Төсөлд сургалтын үнэлгээ мониторингийн асуудал зохицуулагдаагүй байна. Магадлан итгэмжлэл бол хөндлөнгийн үнэлгээ, хяналт байдаг, гэтэл төсөлд хуульчдын холбооны шалгалтанд тэнцэх шаардлагыг хангасан бол бусад чанарын асуудал хаягдах магадлалтай байна. Өөрсдөө стандарт, хөтөлбөрөө боловсруулаад эргээд түүгээрээ шаардлагаа тавиад үнэлж, хяналт тавьж байгаа явдал бол магадлан итгэмжлэл биш. Төслийн хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцэх гэдэг нэг өгүүлбэр эргэлзээтэй харагдаад байна. Мэргэжлийн шалгалтын найдварт, тэнцвэрт чанарын талаар энэ төсөлдөө тусгасан уу, үгүй юу?

    Тэгэхээр хуульч мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамжийн хүрээг гаргаад дараа нь түүндээ нийцүүлээд хууль зүйн сургалтын үр дүнд хүрсэн үү гэдгийг шалгах нь илүү зохимжтой байх.

Төслийн 2.2-т эрх зүйн болон хуульч бэлтгэх сургалтын аль мэдлэг, аль нь хандлага юм гээд ялгаж матриц хийх ёстой юм байна. Дараа нь хүссэн үр дүнгээ мониторинг хийх боломж нэмэгдэнэ.Тухайлбал, 2.2.2-т дээд боловсролд тавих нийтлэг шаардлага гээд энэ нь дээд боловсролд тавигдах шаардлага юм уу, дээд боловсролтой иргэнд тавих шаардлага юм уу гэдгийг ялгаад, мэдлэг нь юу юм, чадвар нь юу юм, хандлага нь юу вэ гэдэг дээр ангилалт хийгээд уг шаардлагыг биелүүлэхэд эдгээр нь ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг системчлэх ёстой санагдлаа.

    Б.Галдаа/Улаанбаатар-Эрдэм их сургууль/: Жил бүр 1800-2200 мянган оюутан төгсөж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд шалгалтад оролцогчдын 10-20 хувь нь хуульчийн шалгалтад тэнцсэн байна. Аль чиглэлийн хүмүүс нь хуульчийн шалгалтад тэнцээд байгаа тал дээр судалгаа хийсэн үү, энэ нь сургалтын агуулга тодорхойлоход ач холбогдолтой.

    МУИС-ийн хууль зүйн сургууль 5 жил150 багц цаг, бусад сургуулиуд 4 жил 120 багц цагийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ялгаа гарах тул ижил байх талаар зохицуулалт оруулах хэрэгтэй байх.

    Д.Оюунцэцэг/Шихихутаг их сургууль/: Энэ төсөл бол аятайхан болсон төсөл. Өнөөдөр хуулийн салбарын боловсон хүчин бэлтгэх тогтолцоог шинэчлэх цаг болсон.

Гарчиг нь хууль зүйн сургуульд тавих нэгдлсэн шаардлага биш, хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын болон хуульч бэлтгэх сургуульд тавих нэгдсэн шаардлага гэж нэрлэмээр байна.

Боловсролын магадлан итгэмжлэл Монголд 20 гаруй жил болж байна, дараагийн үе шатандаа орох гэж байна. Инженер, эдийн засгийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээс хуулийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдээгүй. Тиймээс Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэх уг хөтөлбөрийг боловсронгуй болгож дотооддоо амжилттай магадлан итгэмжлэл хийгээд олон улсад гарах үндэс суурь тавигдах боломж гэж харж байна.

2016 онд хуульчийн шалгалтанд тэнцэгчдийн тоо багассантай холбоотойгоор судалгаа хийгдсэн байх ёстой. Өнөөдөр хуулийн сургуулийн багш, эрх зүйч, төгсөгчдийн мэргэжил дээшлүүлж байгаа систем байхгүй байна Зөвхөн шүүгч, прокурорууд гадны төсөл хөтөлбөрөөр мэргэжил дээшлүүлж байна.Тэгэхээр бодлого тодорхойлж байгаа байгууллагын хувьд үүн дээр анхаарч судалгаа хийж төсөлд тусгавал зүйтэй.

Нөгөө талаас хуульчийн шалгалтад ирдэг бодлого бодох тогтсон аргачлал сургуулиудад байдаггүй, зөвхөн МУИС-ийн аргачлалаар шалгалтыг дүгнэдэг нь алдаа болдог. Боловсролын магадлан итгэмжлэл бол хянаж шалгах ажил биш тухайн байгууллагын үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж ахиц дэвшлийг дэмжих, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа байдаг тул уг журам мөн тийм шинжтэй байх ёстой.

Төслийн 3.2.3, 3.2.4-т эрх зүйн бакалаврын мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлд процессийн хичээлүүд, хөдөлмөрийн эрх зүй, байгаль орчны эрх зүйн хичээлүүдийг оруулаагүй нь буруу юм.

Ерөнхийдөө 2007 оны стандарт их дажгүй болсон зарим зохицуулалтын хувьд ухарсан байдал ажиглагдаж байна.

Дараа нь хуульч бэлтгэх сургалтын дадлагын ажил маш чухал санагдсан. Дадлагын сургалтыг төрөөс бодлогоор дэмждэг байх ёстой. Германд тухайлбал нэг шүүгчийн цалинг өгөөд тусгайлан дадлага хийлгэдэг жишээ байдаг.

Үндсэн багш 3-аас дээшгүй хичээл заана гэсэн заалт 2007 оны стандартад байгаа, гэхдээ үндсэн багш улиралд 3-аас доошгүй хичээл заана гэж оруулах санал байна.Төслийн 4.5-р зүйлийн тайлбарт багшийн цалингийн хэмжээ нь дундаж цалингийн хэмжээг 3 ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэснийг гайхаж байна. Энэ бол сургуулийн цэвэр менежментийн асуудал, зах зээлийн онолоороо шийдвэрлэгддэг асуудал, сургуулиуд удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэдэг.

Элсэлтийн босго оноо 500 гэж байгаа нь хэдий чадалтай хүүхэд шалгаруулж авах гэсэн бодол боловч өндөр санагдаж байна. Өнөөдөр БСШУСЯ-аас босго оноог 400 гээд тогтоосон байгаа. Мөн хуульч бэлтгэх сургалтанд голч оноо 3,2 гэсэн нь арай өндөр санагдаж байна. 1,2 дугаар курсэд хүүхдүүд сурах арга барилаа сайн эзэмшээгүйн улмаас дунд, муу авах тохиолдол байдаг. Гэвч тухайн хүүхэд хуульч болох сонирхол, боломжийг хаах вий гэж бодож байна.

Сурах бичиг гарын авлагын фондыг 20-оос доошгүй байх талаар заалтыг заавал тоо тусгах шаардлага байна уу, дээд боловсролын стандартад заасан байгаа тул түүгээр явчихвал яасан юм гэж бодож байна.

Эцэст нь академик сургалтаас гадна дадлага олгох сургалт чухал хандлагатай болсон. Иймд дадлага олгох сургалтыг нилээд боловсронгуй болгох шаардлагатай байна.

Б.Мөнхзаяа/Ховд их сургууль/: Магадлан итгэмжлэлийг сургуульд олгох уу, эсвэл тэнхимд олгох эсэх талаар журамд зохицуулалт оруулах шаардлагатай байна.

Түүнчлэн оюутны тухайн сургуульд ороод 2 дугаар курсэд байхад нь магадлан итгэмжлэгдвэл яаж тооцох вэ гэдэг талаар тодорхой зааж өгвөл зүгээр байх, ийм зохицуулалт төсөлд байхгүй байх шиг байна.

Мөн дадлага хичээл сонгоноор нилээд багц цаг авахаар байсан ба дадлага хийх журам, стандартыг тодорхой тусгах шаардлагатай. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн