Олон Улсын Хуульчдын холбооны "Шилдэг про боно хуульч" шагналыг анх удаа Монгол хуульч хүртлээ

2018-10-11 | Уншсан: 1043

    Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон Улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн чуулга уулзалт Италийн Ром хотноо 2018 оны 10 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ.

    Нийт 80.000 гишүүн хуульч, 190 гишүүн хуульчдын холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн тус Барын холбооноос жил бүрийн чуулга уулзалтын үеэр оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг бөгөөд тэдгээрийн онцлох нэг төрөл нь “IBA Pro Bono Award” буюу шилдэг про боно хуульчийн шалгаруулалт юм. Тодруулбал, улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэн, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлагыг бий болгож буй хуульчийг дээрх номинацийн дагуу шалгаруулдаг байна. 

    Энэ жилийн “IBA Pro Bono Award”-д дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлснээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладеш, Монгол, Австрали, Польш гэсэн орнуудаас нийт долоон хуульч өрсөлдөхөөр нэрлэгдээд байснаас Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Хүрэлбаатарын Баасанжаргал шилдгээр шалгарч Олон улсын Барын холбооны ерөнхийлөгч Мартин Шолцоос өнөөдөр шагналаа гардан авлаа. 

    Энэ нь 1947 oнд үүсгэн байгуулагдсан Олон улсын Барын холбооны түүхэнд анх удаагаа монгол эмэгтэй хуульч шилдэг про боно хуульчийн шагнал гардан авч байгаа явдал бөгөөд Монголын хуульчид дэлхийн шилдэг хуульчдын зэрэгт хүрч буйн олон сайхан жишээний нэг боллоо.

    Өмгөөлөгч Х.Баасанжаргал нь өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсанаараа энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм.

    Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, эзэн байхын үр дүнг харуулж, олон залуу хуульчдад итгэл, үнэмшил төрүүлсэн Х.Баасанжаргал хуульчид баяр хүргэж, улам ихийг бүтээж, үргэлж сайн сайхны үлгэр дуурайл болж явахыг хүсэн ерөөе!

    Шагнал гардуулах ёслолын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн