“MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019-04-06 | Уншсан: 432

   Монголын Хуульчдын холбооноос “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

  Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын мэтгэлцээн гэсэн дөрвөн төрлөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүхийн байранд тус тус эхэллээ.

   Тэмцээнд МУИС, “Их засаг”,  “Шихихутуг” “Отгонтэнгэр”, “Орхон”, “Улаанбаатар”, “Билиг”, “Түшээ”, Хууль сахиулахын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Ховд их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Олон улс судлалын дээд сургууль зэрэг 13 их, дээд сургуулийн 35 баг оролцож, ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөж байна.

   Энэхүү тэмцээн нь жил бүр хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд энэ жил оролцогч сургуулийн тоо нэмэгдсэний зэрэгцээ оюутнуудыг арбитрын хэргийн мэтгэлцээнээр өрсөлдөх боломжийг олгосноороо онцлог болж байна.

   Тус тэмцээн нь хууль зүйн сургуулийн оюутнуудыг бодит хэрэгт шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр сууринаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, олон улсын гэрээ конвенц хэрэглэх, прокурор яллах, цагаатгах үндэслэлийг тодорхойлох, шүүн таслах ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн