Дорноговь аймагт хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа

2019-04-17 | Уншсан: 878

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор, сургагч багш Г.Оюунбаяр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, “Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хулан нар багтсан юм.

   Тус ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд тухайн аймгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явууллаа. Тодруулбал, “Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн илтгэх урлаг”, “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар” сэдвээр, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор, сургагч багш Г.Оюунбаяр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтын хэрэглээ”, “Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зохицуулалт” сэдвээр, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр тус тус сургалт явуулсан. Сургалтад Дорноговь аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хуульч хамрагдсан юм.

   Сургалтын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сургалтад Дорноговь аймгийн бүх сумдын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн сургагч багш, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, нийт 65 хүн хамрагдаж эрх зүйн хөтчөөр бэлтгэгдсэн бөгөөд орон нутагт анх удаа сургалт явуулснаараа онцлог байлаа. Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нь Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувиар тус сургалтад оролцож, мэдээлэл өгсөн юм.

   Мөн Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах асуудлаар Ажлын хэсгийн гишүүдийг урьж уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтад Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Хуулийн хэлтсийн дарга Ц.Сансармаа болон аймгийн Прокурорын газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлөөлөл оролцож санал солилцож, зөвлөмж авсан. Ажлын хэсэг нь тус уулзалтад оролцсон төлөөллүүдэд Хуульчдын холбооноос тавдугаар сарын 01-нд зохион байгуулах про боно арга хэмжээний талаар мэдээлэл өгч, төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөлөгч томилуулах болон хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн