ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2019-04-23 | Уншсан: 702

   Монголын Хуульчдын холбоо нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх хуульчдад эрх олгох сургалтыг зохион байгуулахаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

   Тус гэрээний дагуу үнэт цаасны зэх зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр, Үнэт цаасны газрын ахлах референт Ж.Эрдэмзаяа “Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн”, “Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд” сэдвээр, Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох “Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, “MDS Khanlex” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт”, “IOSCO-ийн зарчмууд” сэдвээр, хуульч Ч.Баяртуул “Компанийн тухай хуулийн хэрэглээ, ач холбогдол”, “Компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал” сэдвээр, “BDO аудит” ХХК-ийн захирал Г.Баянмөнх “Хөрөнгийн зах зээл: Аудит, үнэлгээний эрх зүйн зохицуулалт, практик” сэдвээр, хуульч, өмгөөлөгч Б.Баасандорж “Компанийг өөрчлөн байгуулах талаар Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт, гадаад улсуудын эрх зүйн зохицуулалтын чиг хандлага” сэдвээр тус тус хичээл заасан. 

   Сургалтад нийт 74 хуульч хамрагдсан бөгөөд эрх олгох шалгалтад 60 хуульч тэнцэж гэрчилгээ гардан авсан юм. Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болсон бөгөөд тус үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг нар оролцсон.

   Гэрчилгээ авсан эдгээр хуульчид нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй болж байгаа бөгөөд өмнөх жилүүдээс харьцангуй олон хуульч хамрагдсанаараа энэ удаагийн сургалт онцлог байлаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн