Унгарын элчин сайд Галошфай Михайтай албан ёсны уулзалт хийлээ

2019-05-07 | Уншсан: 219

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галошфай Михай, Шадар туслах Д.Дэлгэрцэцэг нартай өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ.

   Уулзалтаар хоёр улсын хуульчид, хууль зүйн салбарын хамтын ажиллагаа, уламжлалт сайн харилцааг сэргээх, хөгжүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд ноён Элчин сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Ялангуяа ирээдүйн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулиудын хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Тодруулбал, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний хүчний яам хооронд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд жил бүр Монгол Улсын 200 оюутанд Унгарт суралцах тэтгэлэг олгодог бөгөөд үүнд хуулийн чиглэлээр оюутан сургах квот тогтоох саналыг хүргүүлэхээр болсон юм.

   Сонирхуулахад, Монгол Улс Бүгд Найрамдах Унгар Улстай 1950 онд элчийн түвшинд дипломат харилцаа тогтоож, 1957 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Энэ үеэс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, ялангуяа сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт эрчимжиж буй юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн