ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-05-17 | Уншсан: 380

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан юм.

    2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд ажиллагааны ерөнхий зохицуулалт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, тавдугаар сарын 16-ны өдөр “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр “Хуульчийн илтгэх, ятган үнэмшүүлэх чадвар”, “Хуульчийн харилцаа, хандлага”, “Хуульчийн ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Говьсүмбэр аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 орчим хуульч хамрагдсан.

   Мөн сургалтын үеэр Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нь Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө. Түүнчлэн Хуульчдын холбооны хороодоос эмхэтгэн хэвлүүлсэн гарын авлагуудыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдад олгосон юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн