"Бизнес ба Хүний эрх" зөвлөлдөх уулзалтад оролцлоо

2019-05-29 | Уншсан: 186

   НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний үйл явцыг эхлүүлэх зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албаны дэмжлэгтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 28-нд зохион байгууллаа.

   "Бизнес ба Хүний эрх" зөвлөлдөх уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан “Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх механизмын хүртээмж” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр оролцсон бөгөөд тэрбээр “Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах нь дан ганц төр-иргэн, иргэн-иргэн харилцаанд бус иргэн-бизнес эрхлэгч харилцаанд мөн адил үйлчилж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, түүнд хяналт тавих, зөрчигдсөн эрхийг сэргээх төрийн болон төрийн бус үр дүнтэй механизмыг бий болгох нь чухал. Уулзалтын үеэр гарсан санал, зөвлөмжүүд Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгалаа олж бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон.

   Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг гаргах нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэхэд бодит түлхэц болохоос гадна бизнест хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлэх ажээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн