УНГАРЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-06-03 | Уншсан: 255

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 2019 оны тавдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон Улсын Хуульчдын холбоо(International Bar Association)-ны тэргүүн нарын 14 дэх уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаярын хамт Унгар Улсын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Яанош Банатитай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

   Санамж бичгийн хүрээнд хоёр улсын хуульч, өмгөөлөгчид харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хуульч, өмгөөлөгч бэлтгэх, хуульчид магистр, докторын сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

   Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр 200 оюутныг Унгарт тэтгэлгээр суралцуулдаг. Хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байгаа ч хуулийн бакалаврын чиглэлээр нэг ч оюутан тус хөтөлбөрт хамрагдаагүй ажээ. Унгар Улсад хуульч бэлтгэх, хуульчийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяр, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галошфай Михай нар дэмжихээ албан ёсоор илэрхийлээд байгаа билээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн