“КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-06-04 | Уншсан: 487

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Компанийн тухай хуулийн зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

   Тус хэлэлцүүлэгт “Монгол Улсын компанийн эрх зүйд тулгамдаж буй асуудал: Хувьцаа эзэмшил буюу өмчлөлийн төлөв байдал. Нээлттэй хувьцаат компанийн жишээн дээр” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Б.Амарсанаа (LL.D), “Компанийн тухай хууль дахь ХК болон ХХК-ийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай зохицуулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш С.Батбаяр, “Хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгамдаж буй эрх зүйн зохицуулалт” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч Л.Анхбаяр, “Компанийн өр төлбөрийг хариуцах хувьцаа эзэмшигчийн хариуцлага” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга, “Улсын бүртгэл ба компанийн эрх” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч, “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-ийн удирдах гишүүн, доктор С.Батхүлэг (Ph.D) нар илтгэл хэлэлцүүлсэн.

   Хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай хуульчлах, хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, компанийн хөрөнгийн зааг ялгааны тухай ойлголт, хуулийн хэрэглээ болоод компанийн эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох талаар сонирхолтой саналуудыг илтгэгч нар дэвшүүлсэн бөгөөд хуульчид сонирхсон асуултандаа хариулт авахын зэрэгцээ саналаа уламжилсан юм.

   Тус хэлэлцүүлгийг МХХ-ны гишүүн хуульч, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ариунаа хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 65 гишүүн хуульч оролцсон.

   Энэхүү хэлэлцүүлэг нь МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны дэргэдэх Компанийн эрх зүйн дэд хорооны ээлжит үйл ажиллагаа бөгөөд тус дэд хороо нь компанийн эрх зүйн судалгаа, практикийн талаар сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд компанийн эрх зүйг шимтэн судладаг эрхэм судлаачид болон хуульчид Та бүхнийг Компанийн эрх зүйн дэд хороонд нэгдэж хамтран ажиллахыг урьж байна.

   Хэлэлцүүлгийн бичлэгийг ЭНД, ЭНД дарж үзнэ үү!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн