НОТТИНГХАМ ТРЕНТ ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-17 | Уншсан: 413

   Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

   Төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ноттингхам Трент их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Жейн Чинг, Памела Хендерсон  нар 2019 оны зургадугаар сарын 11, 12-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, сургагч багш нарт заах арга зүйн чиглэлээр сургалт зохион байгуулсан бөгөөд  сургалтад Хуульчдын холбооны сургалтын хорооны сургагч багш, гишүүдийн төлөөлөл хамрагдсан.

   Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан профессор Жейн Чинг, Памела Хендерсон  нарыг 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

  Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Сургалтын хорооны гишүүн Н.Туяа, Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хулан, Азийн сангийн төслийн менежер Г.Гантулга, төслийн ажилтан О.Болорцэцэг, төслийн зохицуулагч А.Ичинхорлоо нар оролцсон.

  Уулзалтаар Монгол Улсын хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцооны онцлог, сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгамдаж буй асуудал болон хуульчийн үргэлжилсэн сургалтад олон улсын туршлагыг хэрхэн нэвтрүүлэх талаар санал солилцсон юм.

  Профессоруудын зүгээс Монгол Улсын хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хуульчийн үргэлжилсэн сургалт явуулах олон улсын шилдэг аргачлал, арга зүй болон сургалтын хөтөлбөр, багш нарын заах арга зүйд хийсэн үнэлгээ, аргачлал боловсруулан ирүүлэхээр боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн