ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019-06-25 | Уншсан: 427

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн  их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

   Төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К. Азизов, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтэс, агентлагийн дарга нарын төлөөлөл оролцсон юм.   

   Уулзалтын үеэр хоёр улсад хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцсон бөгөөд ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак Оросын Хууль зүйн яамны үйл ажиллагааг товч танилцуулж, шинээр батлагдсан болон өөрчлөлт оруулах гэж буй хуулиудын талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, ОХУ-ын Иргэний хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зөвлөлийн 2008 оны шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 1,2,3,4 дүгээр бүлгүүдэд өөрчлөлт орсон бөгөөд үүнтэй холбогдуулж дагалдах 10 орчим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулсан байна. Өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн хувийн өмч болон эд хөрөнгийн өмчийг зохицуулсан хэсэгт өөрчлөлт оруулаагүй байгаа ажээ.

   Мөн тэрбээр уулзалтын үеэр “Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын туршлагыг судалж байна. Монголын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх хуульчдыг нэг дээвэр доор нэгтгэж чадсан нь бидний сонирхлыг их татсан, оновчтой хувилбар болжээ. Манай ОХУ-ын хуульчид Хуульчдын холбоондоо заавал гишүүнчлэлтэй байдаггүй, сайн дурын гишүүнчлэлтэй. Цаашдаа хуульчдыг заавал гишүүнчлэлтэй болгох талаар танай туршлагыг амжилттай хэрэгжүүлнэ” хэмээсэн.

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Монголын Хуульчдын холбоо, ОХУ-ын Хуульчдын холбоотой хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн