Монголын Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Н.Бүрэнчимэг сонгогдлоо

2019-07-01 | Уншсан: 100

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хууль зүйн доктор Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Хууль зүйн доктор, судлаач Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд  “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Эрүүгийн хуулийн хэрэглээ” сэдвээр, “Ханголомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар”, “Хуульчийн илтгэх урлаг, ятган үнэмшүүлэх чадвар” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 55 хуульч хамрагдсан юм.

   Мөн Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагч Б.Отгонцэцэгийн бүрэн эрхийн хугацаа дуусвар болсонтой холбогдуулан Ажлын хэсэг нь салбарын зохицуулагч шинээр сонгох сонгуулийг зохион байгуулсан. Салбарын зохицуулагчид төлөөлөл бүрээс нэг хуульч нэрээ дэвшүүлсэн бөгөөд Улсын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг олонхын санал авч, Монголын Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо. Түүнд Ажлын хэсгийн ахлагч Б.Гүнбилэг баяр хүргэж, Хуульчдын холбооны тугийг гардуулан өгсөн юм.

   Түүнчлэн Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир Хуульчдын холбооноос нэвтрүүлсэн “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн