ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2019-07-03 | Уншсан: 203

  Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж, “Баруун-Урт хот-2019” иргэний эрх зүйн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулав.

 Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулав

  Сүхбаатар аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульчдад зориулан хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр Иргэний эрх зүйн хорооны гишүүн, “Шихихутуг” их сургуулийн багш Э.Ариунаа, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим” сэдвээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт, “Гэрээний эрх зүй” сэдвээр Иргэний эрх зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Л.Банзрагч нар хичээл заасан.

Бизнес эрхлэгчид, ажил олгогчдод иргэний эрх зүйн сургалт зохион байгуулав

   Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбарын гишүүн хуулийн этгээдүүдийн удирдах албан тушаалтнуудад иргэний эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.  Сургалтын хүрээнд “Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр” сэдвээр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч  Г.Цолмонгэрэл, “Худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээ, хамтран ажиллах гэрээ байгуулах, арга зүй” сэдвээр  Иргэний эрх зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Л.Банзрагч, “Хөдөлмөрийн хуулийн зарим зохицуулалт” сэдвээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт нар тус тус хичээл зааж, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

   Өдөрлөгийн үеэр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч С.Цацралтуяа, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Бямбажаргал нар Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг  өгсөн бөгөөд 40 гаруй иргэн өдөрлөгт оролцож, зөвлөгөө авав.

Уул уурхайн компанийн ажилчдад сургалт зохион байгуулав

  Уул уурхайн “Цайрт минерал”, “Цахиурт МЛ” ХХК компаниудын ажилтан, албан хаагч нарт “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа”, “Зөрчил хянан шийдвэрлэх болон хохирол барагдуулах процесс” сэдвээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны дэргэдэх Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны гишүүн Э.Цэцэгдэлгэр хичээл заалаа.

Эмнэлэгт тоног, төхөөрөмж хандивлав

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хорооны гишүүд, дэмжигчдийн хандиваар сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт шаардлагатай тоног, төхөөрөмжийг бэлэглэхээр хандив цуглуулж, Хүүхдийн тасгийн эмч нараас зайлшгүй шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалтыг авсан билээ. Энэхүү жагсаалтын дагуу тус тасагт зайлшгүй шаардлагатай байгаа таван нэр төрлийн, есөн ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч бэлэглэлээ. Тодруулбал, дугуйтай хүчилтөрөгчийн баллон (10л),  нярайн пульсоксиметр, утлагын аппарат тус бүр нэг ширхгийг, хүүхдийн амбу 4 ширхэг, дуслын хөл 2 ширхгийг хандивласан юм.

  МХХ-ны Иргэний эрх зүйн хорооноос “Иргэний эрх зүйн өдөрлөг”-ийг орон нутагт гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн цар хүрээ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Ирэх жил Иргэний эрх зүйн хороо нь орон нутгийн хуульчидтай хамтран хувийн эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.

   “Баруун-Урт хот 2019” иргэний эрх зүйн өдөрлөгийг зохион байгуулахад дэмжиж тусалсан МХХ-ны Сүхбаатар аймаг дахь салбарын зохицуулагч У.Болдхүү, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэхэд сэтгэлийн хандив өргөсөн Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульч, Удирдах зөвлөлийн гишүүд Та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн