АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛААР ХУУЛЬЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ДЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019-07-04 | Уншсан: 455

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр (2019.07.04) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллийг хүлээн авч уулзаж, албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хуульчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх асуудлаар санал солилцлоо.

  Уулзалтад Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төслийн менежер А.Лхагвадэмбэрэл, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хөтөлбөрийн шинжээч Париссара Льюкит, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ш.Маяа, Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Б.Энхзаяа  нар оролцсон.

  Уулзалтаар Европын холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй GSP+3 төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран албадан хөдөлмөрийн асуудлаар хуульчдыг чадавхжуулах дэд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ. Төслийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт зориулсан сургалтын модуль, гарын авлага боловсруулахын зэрэгцээ мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх юм. Түүнчлэн албадан хөдөлмөрийн талаарх хуульчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт албадан хөдөлмөрийн талаарх сэдвийг оруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн