WWW.E-KHUTUCH.MN ЦАХИМ ХУУДАСНЫ НЭЭЛТИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-07-08 | Уншсан: 314

   “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард баталсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах байсан.

   Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn, legalaid.mglbar.mn цахим хуудасны орон нутаг дахь нээлтийн ажиллагааг Хэнтий аймагт зохион байгуулж, тус аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн өөртөө туслах танхимд “Эрх зүйн хөтчийн мэдээллийн булан”-г тохижууллаа. Энэ хүрээнд иргэдэд http://legalaid.mglbar.mn/ цахим хуудсаар дамжуулан Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө, туслалцааг цахимаар үзүүлэх юм. 

   Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нээлттэй нийгэм Форум зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн дэд дарга Г.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн гишүүн  Ж.Хунан, Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Нээлттэй нийгэм форумын зохицуулагч П.Бадамрагчаа нар оролцлоо.

    Хэнтий аймагт анх удаа жишиг байдлаар нээсэн энэхүү “Эрх зүйн хөтчийн булан”-гаас иргэд өөрийн оршин суугаа газрын эрх зүйн хөтөч нарын мэдээллийг авахын зэрэгцээ тус цахим хөтөч хуудсанд хандаж өөрт хэрэгтэй хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр авах боломжтой.

  Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан болох е-khutuch.mn цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болохын зэрэгцээ нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн