МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-09-18 | Уншсан: 219

   Иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалахын тулд Монголын Хуульчдын холбоо нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

   Санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өнөөдөр (2019.09.18) болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

   Хамтын ажиллагааны хүрээнд талууд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчихөд хүргэсэн хууль тогтоомж, захиргааны шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, хүний эрхийн зөрчлийг зогсоох чиглэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах юм. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэхээр тохиролцлоо.

   Түүнчлэн хуульч, өмгөөлөгчдийг дэмжих, чадавхжуулах хүрээнд МҮЭХ-той сайн дурын үндсэн дээр хамтран ажилладаг гэрээт өмгөөлөгчдөд кредит цагийн сургалтыг жилд нэг удаа нийслэл, хөдөө орон нутагт бүсчлэн зохион байгуулах, өмгөөлөгчдийн хууль эрх зүйн орчин, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

   Мөн МҮЭХ-ны сургагч багшийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг холбогдох журмын дагуу магадлан итгэмжлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр болон өмгөөллийн үйл ажиллагааны талаар гадаад орнуудын туршлага судлан мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хоёр талын ажилтан, хуульч, өмгөөлөгч, гишүүдийг оролцуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 

   Сонирхуулахад, МҮЭХ нь 2007 оноос эхлэн сайн дурын хуульч, өмгөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус хуульч, өмгөөлөгчдийн баг сүүлийн 3 жилийн байдлаар аймаг нийслэл, салбарын ҮЭ-ийн хорооноос ирүүлсэн 156 өмгөөлөл авах тухай хүсэлтээр ҮЭ-ийн нийт 300 гаруй гишүүнд өмгөөллийн туслалцаа үзүүлж, 96.8 хувийг нь амжилттай шийдвэрлүүлсэн байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн