СОЛОНГОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2019-10-08 | Уншсан: 527

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Солонгосын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч И Чан Хи тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

   Айлчлалын үеэр Монголын Хуульчдын холбоо Солонгосын Хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Солонгосын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч И Чан Хи нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

   Ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Л.Ононбаяр, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Ц.Мөнхбат, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ, хуульч Ш.Үнэнтөгс, өмгөөллийн “ELC” нөхөрлөлийн туслах Ко Кёонграк болон Солонгосын Хуульчдын холбооны хүний эрхийн хорооны гишүүн Хванг Пилл Кю, Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Шим Жи үн нар оролцов.

  Санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцох, айлчлал хийхийн зэрэгцээ хоёр улсын хуульчдыг чадавхжуулах хүрээнд хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар тохиролцлоо.

  Тус айлчлалын хүрээнд Солонгосын Хуульчдын холбооны төлөөлөгчид Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан “Хуульчдын про боно чуулга уулзалт”-д оролцсоны зэрэгцээ Солонгосын Хуульчдын холбооны хүний эрхийн хорооны гишүүн Хванг Пилл Кю Солонгос улс дахь про боно үйл ажиллагааны талаарх туршлагаас хуваалцсан юм.

   Мөн төлөөлөгчид өмгөөллийн “DB&GTS”, “ELC” нөхөрлөлөөр зочилж, тус нөхөрлөлүүдийн удирдлагуудтай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцсан.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн