ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО ЭРХҮҮ МУЖИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-10-16 | Уншсан: 303

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүд ОХУ-ын Эрхүү хотноо албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тус хорооны тэргүүн Л.Өлзийхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, С.Болормаа, мэргэжилтэн Г.Аригун нар Эрхүү хотын Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна, сэтгэл зүйч Людмила Михайловна, хуульч Алена Сергеевна нартай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  уулзалт хийсэн юм.

  Уулзалтаар Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо нь ОХУ-ын Эрхүү хотын эвлэрүүлэн зуучлалын төвтэй хоёр жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд хуульчид болон иргэдэд сургалт, семинар зохион байгуулах, ном сэтгүүл эрхлэн гаргах, нэмэлт мэргэжлийн түвшний сургалтын хөтөлбөр боловсруулах юм.

   Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү хотын эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, эвлэрүүлэн зуучлагч нарт сургалт зохион байгуулахаар боллоо. Мөн эвлэрүүлэн зуучлалын аргачлал, сэтгэл зүйн чиглэлээр гаргасан номыг монгол хэлээр орчуулан хэвлэлтэд өгөхөөр болов. Үүний зэрэгцээ тус төв нь эвлэрүүлэн зуучлалын онлайн сургалт явуулдаг бөгөөд тус хичээлийг монгол хэлээр орчуулан хуульч, эвлэрүүлэн зуучлагч нартаа зориулан гаргахаар ярилцлаа.

   Мөн айлчлалын үеэр Ангарск хотын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгч Монголын Хуульчдын холбооны гишүүдийг хүлээн авч уулзан шүүхийн үйл ажиллагаагаа сонирхуулж, мэдээлэл солилцсон. 

   Сонирхуулахад, Эрхүү хотын эвлэрүүлэн зуучлалын төв нь нэмэлт мэргэжлийн боловсрол олгодог автономит, ашгийн бус байгууллага бөгөөд 2010 онд нэмэлт боловсролын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор Марианна Николаевнагийн санаачилгаар үүсгэн байгуулагджээ. Тус төв нь олон жилийн туршлага, нөөц, арга зүйн хөгжил, өөрсдийн гэсэн арга барилтай бөгөөд төрөл бүрийн зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг байна. Мөн эвлэрүүлэн зуучлалын аргачлалаар ном, нийтлэл гаргахын зэрэгцээ сургалт, боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.

Хэрэгжүүлж байсан төслийн хувьд:

  1. 2011-2013 онуудад урт хугацааны “Точка опоры” нэртэй төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь нийгмийн өнчин, ялгаварлан гадуурхагдсан, насанд хүрээгүй гэмт хэрэг хийсэн хүүхдүүдийн гэр бүл, эцэх эхтэй харилцан ойлголцлыг бий болгох бүс нутгийн хэмжээний төсөл юм.
  2. 2013-2014 онуудад “Хүн бүрд өөрийн эрхээ хамгаалах тэгш боломж бий: Эвлэрүүлэн зуучлалын алба” нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь Эрхүү муж болон Буриадын газар нутагт мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх боловсролд чиглэсэн төсөл байсан юм.
  3. “Гэр бүр болгон амар амгалан: Эвлэрүүлэн зуучлалын технологийг ашиглан гэр бүлд гарах асуудлыг зохицуулах” төсөл. Гол зорилго нь эвлэрүүлэн зуучлалын технологийг дисфункционал гэр бүл болон хунд нөхцөл байдалд байгаа гэр бүлд урьдчилан арга хэмжээг авах юм.
  4. 2014 онд “Ээж нь бас! Шоронд хоригдож байгаа ээж нарт хүүхдүүдтэйгээ холбоо барих эрх болон нөхцөлийг олгох” төсөл хэрэгжүүлсэн. Тус төсөл нь ээж болон хүүхдийн холбоог тогтоох, хоригдол эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байсан.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн