ЗАВХАН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-18 | Уншсан: 403

   Монголын Хуульчдын холбооны ажлын хэсэг 2019 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явууллаа. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр, “Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Завхан аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хуульч хамрагдав.

   Тус сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн.

   Мөн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нямын Амарзаяаг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн