ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2019-10-18 | Уншсан: 1086

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 260 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 58 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

   Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Т.Жавхлантөгс, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Ц.Мөнхбат, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нарын зочид оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд өргөдлөө гаргасан 161 эрх зүйчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоод байна.

   Эдгээр шинэ хуульчид нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан юм.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн