АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ 33 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-11-11 | Уншсан: 561

  Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 32 дахь удаагийн ээлжит чуулга уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт боллоо.

   Тус чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх оролцож,  Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн ээлжит чуулга уулзалтыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор баталгаажуулж, Ази-Номхон далайн бүсийн хуульчдад зарлалаа. Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө гурван улс өрсөлдсөнөөс тус холбооны Гүйцэтгэх хорооноос Монголд зохион байгуулахаар шийдвэрлээд байсан билээ.

    Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын барын холбоодын тэргүүлэгчид, шүүгч, хуульч, хуулийн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл гээд олон улсад нэр хүндтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцон бүс нутгийн хууль, эрх зүйн хөгжлийг тодорхойлоход ихээхэн ач холбогдол бүхий хэлэлцүүлэг өрнүүлэн, шийдвэр гаргадаг онцлогтой олон улсын түвшний арга хэмжээ юм.

   Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны 33 дахь удаагийн ээлжит чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор 2020 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын 1000 орчим төлөөлөгчийг оролцуулан тус чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулснаар хуульч, хуулийн байгууллагуудыг олон улсын түвшинд сурталчлан таниулах, гадаад харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хуульчид хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломж нээгдэх юм.

   Монголын Хуульчдын холбоо нь 2018 онд тус холбоонд 33 дахь гишүүнээр элссэн бөгөөд тэргүүлэх гишүүн болсноор Монголын хуульчид, хуулийн байгууллагууд бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, тэдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох, илтгэл тавих зэрэг шинэ боломжийг бүрдүүлж чадсан билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн