“Монгол Улсын хууль зүйн салбарын бодлого: Эрх зүйн системчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019-12-06 | Уншсан: 1074

  Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо хамтран “Монгол Улсын Хууль зүйн салбарын бодлого:Эрх зүйн системчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр 1992 оны Үндсэн хуулийг амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд салбар эрх зүйн системчлэлийг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, хууль зүйн салбарын бодлогын удирдлагыг бүтэц, бүрэлдэхүүний хувьд хэрхэн оновчтой хэрэгжүүлэх, цаашид хууль зүйн салбарын бодлого хийгээд эрх зүйн системчлэлд юуг анхаарах талаар асуудлыг хөндөж, хуульчид болон эрдэмтэд харилцан санал бодлоо солилцож, алдаа оноогоо мэргэжлийн хүрээнд шүүн хэлэлцсэн юм.

   Тус хэлэлцүүлэг нь Үндсэн болон  Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй гэсэн хэсгийн хүрээнд явсан. Тодруулбал, Үндсэн хэсэгт “Үндэсний эрх зүйн тогтолцоо ба Эрх зүйн системчлэл” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, “Хууль зүйн салбар дахь бодлогын удирдлагын оновчтой тогтолцоо” /гадаад орнуудын жишээн дээр/ сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн магистр Т.Мөнх-Эрдэнэ нар, Захиргааны эрх зүйн хэсэгт “Монгол Улсын Захиргааны эрх зүйн тусгай ангийн эрх зүйн зохицуулалт ба тулгамдсан асуудал” сэдвээр Хууль зүйн доктор П.Одгэрэл, Үндэсний татварын эрх зүйн тогтолцоонд олон улсын байгууллагын нөлөөлөл” (GAAR-ын жишээн дээр) сэдвээр Татварын ерөнхий газрын хуульч Б.Баттогтох, “Үндэсний эрх зүйн чиг баримжаа ба рецепцийн үзэгдэл” сэдвээр Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Н.Отгончимэг нар илтгэл хэлэлцүүлсэн. Харин иргэний эрх зүйн хэсэгт “Зохиогчийн эрх, түүнд хамаарах бусад эрхийн тухай хууль: Монист ба дуалист онол” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор Б.Тэмүүлэн, “Арилжааны тухай хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын судалгааны үр дүн” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу нар тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.

   Тус хэлэлцүүлгийн илтгэлүүдийг Захиргааны эрх зүйн хорооноос эмхэтгэн хэвлүүлэх юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн