ДР. ХАРТМУТ ФИШЕР: АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙГ СИСТЕМЧЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

2020-02-20 | Уншсан: 523

   

   ХБНГУ-ын Бавари муж улсын Дээд шүүхийн 23 дугаар сенатын байнгын даргалагч шүүгч доктор Хартмут Фишер саяхан Ханнс-Зайделийн сангийн урилгаар манай улсад айлчилж, ХЗДХЯ-ны Арилжааны (худалдааны) хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнтэй өргөтгөсөн уулзалт хийгээд буцсан билээ. Түүнтэй хийсэн товч ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 

-Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж өөрийн арвин мэдлэг туршлагаа манай хууль боловсруулагчидтай харамгүй хуваалцсан Танд баярлалаа.  Танаас цөөхөн зүйл асуухыг зөвшөөрнө үү. Арилжааны (худалдааны) эрх зүйн харилцааг яагаад хуулиар зохицуулах шаардлагатай байдаг вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Баярлалаа. Танай сайхан оронд хүрэлцэн ирэх завшаан тохиосонд баяртай байна. Арилжааны эрх зүйн харилцааг хуулиар зохицуулах нь зах зээлийн үйл ажиллагаа үр өгөөжтэй явагдахад ихээхэн чухал нөлөөтэй. Хамгийн том давуу тал нь арилжаа эрхлэгчдийн баримтлах эрх зүйн зохицуулалт нь системтэй, тодорхой болдог. Ялангуяа олон улсын худалдаа арилжаа явуулахад тухайн улсын дотоодын арилжааны эрх зүйн орчин, тэр дундаа ААН-д хувь эзэмших тухай зохицуулалтыг онцын бэрхшээлгүйгээр мэдэх боломжтой байх нь гадаадын ААН-үүдэд чухал байдаг. Ингэснээр худалдаа арилжаа саадгүй явагдах, гадаадын бизнес эрхлэгчид тухайн улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх давуу талтай.

 

-ХБНГУ-ын Арилжааны хууль арилжаа эрхлэгч, хэрэглэгч, ААН-үүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдаг вэ? Тодорхой жишээн дээр тайлбарлаж өгнө үү.

-Германы арилжааны эрх зүй нь зөвхөн арилжаа эрхлэгчдэд зориулагдсан тусгай эрх зүй байдаг. Манай Арилжааны хууль нь арилжааны харилцаанд оролцож буй этгээдийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан хууль гэж хэлж болно. Мөн худалдаа арилжааны үйл явцыг аль болох түргэн шуурхай, чирэгдэлгүй байлгах зорилготой учир онцын хэрэгцээгүй хэлбэрийн шаардлагаас аль болох татгалзаж арилжааны шийдвэрийг богино хугацаан гаргахыг шаарддаг. Тус хууль нь мөн арилжаанд тогтсон заншлыг ч харгалзаж үзэхийг шаарддаг. ХБНГУ-ын Арилжааны хууль нь зөвхөн худалдаа арилжаа эрхлэгчдэд чиглэсэн хууль тул хэрэглэгчтэй холбоотой хэлцлийн зохицуулалт тун цөөн, тухайлсан хэлбэрээр агуулдаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт дийлэнхидээ Иргэний хуульд тусгагдсан.

Арилжааны эрх зүйн онцлогийг арилжаа эрхлэгчдийн хооронд хийгдэх худалдааны зохицуулалтаас тод харж болно. Уг зохицуулалт (Худалдааны хуулийн 377-р зүйл) ёсоор худалдагч, худалдан авагч тал хоёулаа арилжаа эрхлэгч бөгөөд бизнесийн зорилгоор бараа бүтээгдэхүүн худалдаж, худалдан авч байгаа тохиолдолд худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан даруй шалгаж илэрсэн доголдолын эсрэг даруй зарга үүсгэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ зохих хугацаанд нь хэрэгжүүлээгүй бол хохирол нөхөн төлөхийг шаардах эрх нь ихэнхдээ хүчингүй болно. Германы хууль тогтоомж арилжаа эрхлэгч бус этгээдэд, тухайлбал энгийн хэрэглэгчид дээрхи үүргийг оноодоггүй.

 

-Хөгжиж буй пост социалист орнуудын ерөнхий хандлага ямар байна вэ? Та тэдгээр орнуудад юуг зөвлөх вэ?

-Бусад улс орны хууль тогтоогчдын ерөнхий хандлагыг миний бие харамсалтай нь хэлж мэдэхгүй байна. Худалдаа арилжааны эрх зүйн зохицуулалтаа цэгцлэх, тодорхой болгох хандлага давамгайлж байгаа болов уу гэж бодож байна. Эрх зүйн тодорхой бөгөөд тогтвортой байдал бүрдүүлэх нь эдгээр орнуудад нэн чухал.

 

-Германы Арилжааны хуульд зөвхөн арилжаа эрхлэгчдийн хоорондын харилцааг зохицуулаад зогсохгүй үүргийн биелэлттэй холбоотой олон тооны захиргааны журмууд тусгагдсан байна. Энэ төрлийн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг үү эсхүл арилжааны хэргийн шүүх үү?

-Германд арилжааны хэргийн бие даасан шүүх байхгүй. Харин анхан шатны шүүх дотроо энэ чиглэлээр дагнасан танхим бий. Заргалдагч тал тус танхимд хандан арилжааны эрх зүйн нэхэмжлэл гаргаж болно. Эрх зүйн маргаан нийтийн эрх зүйн бус харин иргэний эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлаж байвал маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Жишээ нь арилжааны бүртгэлтэй холбоотой маргааныг дурдаж болно. Арилжааны бүртгэлд бүртгэх эсэхтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Арилжааны хуульд санхүүгийн тайлан гаргах болон тус хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл мөнгөн торгууль ногдуулахаар заасан байдаг. Мөнгөн торгуулийг эрх бүхий захиргааны байгууллага, жишээ нь Холбооны Санхүүгийн үүргийн хяналтын алба эсхүл Холбооны хууль зүйн алба оногдуулдаг. Түүнтэй холбоотой гомдлыг ердийн шүүх хянан шийдвэрлэдэг. Арилжааны хуульд тусгагдсан эрүүгийн хариуцлагыг гагцхүү харъяалах эрүүгийн хэргийн шүүх оноодог.

 

-Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн