ЯПОНЫ ОБЕРЛИН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СУДЛАХ ИНСТИТУТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020-02-21 | Уншсан: 1088

   Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны урилгаар Япон Улсын Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй судлах институтын профессор Сайто Такаосан 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр манай улсад хоёр дахь удаагаа айлчиллаа.

   Профессор Сайто Такаосан нь өнгөрсөн жил зочлох үеэрээ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Ж.Хунан, Мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав нартай уулзаж, Холбооны үйл ажиллагаатай танилцан, Япон Улсын Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй зүй судлах институтын зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулсан билээ.

   Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монголын Хуульчдын холбооны удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтад Зөвлөлийн гишүүн, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжав, хорооны гишүүн, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, хорооны гишүүн, хуульч, нотариатч Ч.Баянжаргал, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн давтан сургалтын сургагч багш, хууль зүйн ухааны доктор А.Зүмбэрэллхам оролцсон.  

   Уулзалтын эхэнд Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав Монголын хуульчдын түүн дотор өмгөөлөгчдийн эрх зүйн орчинд орсон өөрчлөлтийн талаар товч танилцуулж, одоогоор хуульчид нь Мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн дүрэмтэй, хариуцлага тооцдог механизмууд тусдаа байгаа бөгөөд цаашид Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн дүрэмтэй байх өмгөөлөгч, шүүгч, прокурор, нотариатч нь тусдаа мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, ёс зүйн дүрэмтэй байсан ч хуульчийн хувьд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг мөрддөг, түүнийг зөрчсөн байдалд зохих хариуцлагыг тухайлсан институт нь ногдуулдаг байх нь чухал байна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр яриандаа хуульчдад зориулсан хуульчийн мэргэжлийн ёс зүйн сургалтыг нэгдсэн байдлаар Хуульчдын холбоо хариуцаж, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооноос сургалтын хороотой хамтран явуулдаг байх нь хуульд нийцэх бөгөөд уг сургалтын агуулга, ач холбогдолд чухал байх тул энэхүү сургалтын агуулга, сургалт явуулах хэлбэр зэргийг боловсронгуй болгоход Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй судлах институт болон Сайто профессортой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

   Профессор Сайто Такаосаны зүгээс Япон, Монголын Хуульчдын холбоодын онцлог ялгаатай байдлыг харьцуулан дурдаад, Япон улсын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн сургалт, мэргэжлийн хариуцлагын сургалтын гол зорилго, хандлагын талаар мэдээлэл өгч, туршлага, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар чөлөөтэй ярилцсан. Мөн тэрбээр хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэгт юуг ойлгох талаар юуны өмнө нэгдсэн ойлголттой байх нь чухал гэдгийг онцлоод, “Хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэгт хуульчийн мэргэжлийн ажил үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй баримтлах тодорхой хэм хэмжээнүүдийг ойлгох зөв гэдэг дээр санал нэгдсэн. Учир нь хуульчид хариуцлага хүлээлгэх тохиолдолд хуульч ёс зүйтэй байсан эсэхийг шийдвэрлэж болох ба энэ тохиолдолд тэрхүү хуульчийн баримтлах ёс зүй нь өөрөө мэргэжлийн ажил үүрэг, мэргэжлийн нэр хүндтэй нь холбоотой хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгах нь чухал болдог. Сургалт явуулахад ч гэсэн хуульчид мэргэжилтний хувьд хуульчийн мэргэжлийн үүрэг, хэм хэмжээнүүд нь юу болохыг таниулах, тайлбарлах, зөрчихөөс нь урьдчилан сэргийлж, эрсдлийг нь үнэлүүлэхэд маш тодорхой заагдсан хуульчийн мэргэжлийн үүрэг, стандарт, хэм хэмжээнүүд байх нь чухал ба шударга ёсонд нийцнэ. Япон улсын хуульчийн ялангуяа өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хэм хэмжээнүүд нь тодорхой байдаг бөгөөд АНУ-ын барын холбооны хуульчийн мэргэжлийн үүрэг, хариуцлагын загвар хэм хэмжээнүүдтэй (ABA Model Code of Professional Responsibility) ижил төстэй” хэмээлээ.

   Уулзалтад оролцогчид цаашид ёс зүйн сургалтыг хуульчдад хүргэж, хуульчийг мэргэжлийн алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй ажиллахад туслахад Япон Улсын хуульчийн мэргэжлийн ёс зүйн сургалтын арга техникийг суралцах, өөрийн орны туршлагад нийцүүлэх, боловсронгуй болгох ажлыг юуны өмнө хамтран хийх тохиролцсон бөгөөд энэ сургалтыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулах, сургалтын талаарх нарийвчилсан ажлыг Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүй хороо хариуцан хэрэгжүүлэхээр илэрхийллээ.

    Тус уулзалт үр дүнтэй болж, Монголын Хуульчдын холбооноос ёс зүйн сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэх, энэ төрлийн сургалтын арга техникийг өөрчлөх, олон улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар боллоо.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн