“ВЕБИНАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-04-16 | Уншсан: 871

   Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болоод байгаа билээ.

   Иймд Монголын Хуульчдын холбооноос зайн сургалтын нэгэн төрөл болох “вебинар” сургалтыг хуульчийн үргэлжилсэн сургалтад нэвтрүүлж, эхний сургалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Сургалтаар УЕПГ-ын Сургалтын албаны хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр, Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч Б.Төмөрбат “Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Н.Мөнхзул “Сонгуулийн эрх зүй” сэдвээр, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн Сургалт, судалгааны менежментийн хорооны дарга, “Монголтакс” ХХК-ны үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа “Татварын хуулийн хэрэглээ болон татварын маргаан, хяналт шалгалтсэдвээр тус тус хичээл заасан.

   Сургалтад 35 хуульч хамрагдсан бөгөөд тэд ““Вебинар” сургалт нь оролцогчдын цагийг хэмнэсэн, хаанаас ч хамрагдах боломжтой, шинэлэг, орчин үеийн технологид суурилсан, оролцогч сонирхсон асуултаа асуух, багштай харилцан ярилцах, санал хүсэлтээ илэрхийлэх зэрэг олон давуу талтай байснаараа ач холбогдолтой байлаа” гэдгийг онцолсон юм.

   Тиймээс Хуульчдын холбоо нь хуульчдаас ирүүлсэн санал, тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан онлайнд суурилсан энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн