ХУУЛЬЧИД ЭНЭ ОНД 3 БАГЦ ЦАГ ХАНГАХААР БОЛЛОО

2020-05-20 | Уншсан: 1350

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-д хуульч нь хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангахаар заасан бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд “Хуульч жил бүр 4-өөс доошгүй багц цагийн сургалтад хамрагдсан байх бөгөөд 1-ээс доошгүй багц цаг нь мэргэжлийн суурь сургалт, 3 багц цаг нь мэргэшүүлэх чиглэлийн сургалт байна” хэмээн нарийвчлан зохицуулсан.

   Энэ жилийн хувьд дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй байгаа билээ. Иймд нөхцөл байдлыг харгалзан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн зүгээс 2020 онд хуульчдын хангах багц цагийг багасгах, хөнгөлөлт үзүүлэх саналыг Хуульчдын холбооны зөвлөлд танилцуулсан бөгөөд Зөвлөлийн тавдугаар сарын 12-ны өдрийн цахим хурлаар хуульчдын 2020 онд хангах багц цагийг 3-аас доошгүй байхаар шийдвэрлэлээ.

   Тиймээс хуульчид Та бүхэн Хуульчдын холбооноос зохион байгуулж буй зайн сургалтад хамрагдаж, тухайн жилийн хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах боломжтой юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн