ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020-09-23 | Уншсан: 372

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан. Тодруулбал, шүүгч Ц.Мөнхзул “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт”, “Орон нутгийн сонгуулийн маргаан, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт”, ”Зөрчлийн тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт“, ”Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх нь”,  “Цахим гэмт хэрэг” сэдвээр, "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хүний насны мөчлөг, сэтгэл зүйн дархлаа”, Ажлаас халшрах хам шинж “, ”Ажлын байран дахь харилцааны ёс зүй”, “Атгасан гар мэт хамт олон” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Ховд аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 орчим хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Лхагважавын Түвшинжаргал, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

   Үүний зэрэгцээ ажлын хэсэг нь "Хөгжлийн шийдэл" ТББ-тай хамтран “Төрөөс гарах шийдвэр, түүний төрөл, үр дагавар”, “Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын харилцааны зохицуулалт” сэдэвт сургалтыг Ховд аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зохион байгуулсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн