Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-01-13 | Уншсан: 933

   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан  12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөв.

   Уг уралдааныг Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Чимид сан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан "Легал дата" зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан. 

   Тус уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр явагдсан бөгөөд шалгаруулалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх оролцон оролцогчдод амжилт хүсэж, баяр хүргэлээ.

   Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачдын салбарт хуульч, өмгөөлөгч, эрх зүйчдээс  нийт 16 илтгэл,  МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Шихихутуг”  зэрэг их сургуулийн оюутнуудаас нийт 22 илтгэл ирүүлснээс эцсийн шалгаруулалтын дүнгээр дараах хүмүүс шилдгээр шалгарав.

Судлаачийн салбарт:

Тэргүүн байр:Б.Буянхишиг “Монгол Улсын өмчийн тогтолцоо нь либерал ба социалист өмчийн концепцийн дундах шинэ загвар болох нь ”

Дэд байр: С.Асланбек “Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн зарим нэр томьёог хүний эрхийн үүднээс тайлбарлах нь”

Гуравдугаар байр: Г.Цэрэнжид “Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэлдэхүүн ба шүүгчийн хараат бус байдал”

Тусгай байр: С.Цэрэндолгор, О.Төрболд “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйлийг үндсэн хуулийн тагнуулын байгууллагаар хамгаалах нь”

Тусгай байр: Э.Сундуй “Засгийн газар байгуулахад эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцэл үйлчилж байгаа эсэхэд хийсэн шинжилгээ”

Оюутны салбарт:

Тэргүүн байр: Б.Мягмарсүрэн “Монгол Улсын Үндсэн хууль дахь ерөнхий сайдад итгэл хүлээлгэх зохицуулалт ба хууль тогтоох байгууллагын оролцоог хязгаарлах механизмын зарим асуудал”

Дэд байр: Б.Улсболд “Монгол Улсын Үндсэн хууль дахь намын дотоод ардчиллын зохицуулалттай холбогдох эрх зүйн шинэтгэл: харьцуулсан судалгаа”

Гуравдугаар байр: Р.Оюундэлгэр: “Шүүхийн тогтолцоо дахь хууч хамаарал буюу шүүхийн нутаг дэвсгэрийн зарчмын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”

Тусгай байр: Л.Энхтайван “Гүйцэтгэх эрх мэдэл ба шүүх эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн зарим асуудалд (Захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд)”

Тусгай байр: Д.Дэмидханд  “Төрийн өмчийн эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал ба үүнийг монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь” сэдвээр тус тус шалгарлаа.

 

   Энэ удаагийн эрдэм шинжилгээний уралдааны шүүгчээр Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрбаяр нар оролцов.

.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн