ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ХУУЛЬЧИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2021-01-22 | Уншсан: 2482

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 131 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 21, 22-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

   Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг олон хүний хамруулж, нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй байсан тул нөхцөл байдалд тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж шинэ хуульчдын тангаргийг өргүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг нь олгосон.

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд тус 131 хуульч өргөдлөө гаргаад байсан билээ.

   Эдгээр шинэ хуульч нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангарагласан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн