ШИНЭ ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-02-01 | Уншсан: 1255

   Монголын Хуульчдын холбооноос шинэ хуульчдад зориулсан сургалтыг 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 2020 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 150 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг тооцлоо.

  Энэхүү сургалт нь шинэ хуульчдад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, цаашид тогтмол, тодорхой шат дараалалтай, харилцан уялдаа холбоотойгоор явагдах хуульчийн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх сургалтад тогтмол хамрагдахад шаардлагатай суурь мэдлэгийг олгоход чиглэгддэг.

   Энэ удаагийн сургалтаар Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, хороодын үйл ажиллагаа, хуульч гишүүнийхээ хувьд Холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдэлж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тодорхой мэдээлэл өгсөн. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, зөрчил хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх мэдлэгийг олголоо. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Л.Галбаатар “Хуульчдын холбооны чиг үүрэг” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг “Хуульчийн мэргэжлийн хариуцлага” сэдвээр, Ханголомт” группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан юм. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн