ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААД УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ

2021-02-17 | Уншсан: 4643

 

 

Б.БАТТУУЛ, МХХ-ны гишүүн, хуульч,

өмгөөллийн “FOM PARTNERS” ХХН-ийн гүйцэтгэх захирал

 

   Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр “clubhouse” аппликэйшнаар “Becoming a lawyer” цахим уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр миний бие залуу хуульчид болон хуулийн сургуулийн оюутнуудад зориулж “Гадаадад тэтгэлгээр суралцах боломж” болон бусад чөлөөт сэдвийн хүрээнд хуульчидтай хамтарч ярилцлага өрнүүлсэн. Тус ярилцлагын дараа бичлэг хадгалагдсан эсэх, гадаадад суралцах боломжийн талаар мэдээлэл авахаар Хуульчдын холбоонд оюутан залуус маань олонтаа хандсан учраас энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

 

   Юуны өмнө гадаадад суралцахаар шийдсэн бол хэл сурах нь хамгийн чухал гэдгийг дурдах нь илүүц биз. Ямар улсад явахаасаа шалтгаалаад тухайн улсынхаа хэлийг Монголдоо байх хугацаандаа үзэж судлах нь цаг хугацаа хэмнэхээс гадна сургалтын чанарт ихээхэн нөлөөлнө. Манай оюутан, залуус англи хэлээр суралцах нь түгээмэл бөгөөд IELTS, TOEFL-ын оноо өгөх нь гадаадад суралцах эхний шалгуур болдог. Улс орнуудад тэтгэлгээр суралцахад шаардагдах IELTS, TOEFL-ын оноо ерөнхийдөө ойролцоо бөгөөд тухайлбал, Австрали улсын Засгийг газрын тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл IELTS академик оноо 6,0 болон түүнээс дээш (үүнтэй зэрэгцэх TOEFL-ын) оноо шаарддаг бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Чевенинг тэтгэлэг 6,5 оноо авсан байх хэрэгтэй.

   IELTS, TOEFL-ын шалгалт өгөхөд зөвхөн хэлэндээ сайн байх нь хангалтгүй бөгөөд тухайн шалгалтыг өгөх арга, техник маш чухал. Хэлэндээ маш сайн хүн олон юм хамж яриад гол зүйлээ хөндөж чаддаггүй бөгөөд ихэнх сайн ярьдаг залуус яриан дээрээ бага оноо авах гээд байдаг талтай байдаг нь үүнийг батална. Иймээс цагаа зөв тооцоолох, яриандаа ямар үг хэрэглэх, бичихдээ ямар дүрмээр заавал бичих зэрэг тусдаа өргөн хүрээг хамарсан арга техниктэй. Энэ талаар youtube дээр маш олон үр дүнтэй хичээлүүд байдаг. Хэлний шалгалт өгөхөд манай залуусын гаргадаг нийтлэг дутагдал бол шалгалт өгөхөөс нэг сар болон түүнээс бага хугацааны өмнөөс бэлдэх явдал юм. Дээр дурдсанчлан маш олон техникийг өөрийн болгож, шалгалтыг бага хугацаанд ашиглах чадвартай болоход нэг сараас дээш хугацаанд бэлдэх шаардлагатай. Энэ нь хэл сурах хугацаа бус шалгалт өгөх арга, техникт дадах хугацаа юм шүү. Тэгэхээр хэл сурах хугацаа нь үүнээс олон сар, жил байх нь ойлгомжтой. Үүгээрээ би маш хэцүү гэж ойлгуулахыг хичээсэнгүй, хэрвээ ийнхүү бэлдэж чадвал хүссэн оноогоо авч чадна гэдгийг хэлэхийг зорив.

   Нэгэнт хэлний шалгалтадаа тэнцсэн залуус тэтгэлэгт хамрагдахад өргөн боломж дэлхий даяар нээлттэй байна. Юуны өмнө тэтгэлгийг дараах байдлаар ангилж үзэх нь тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материалуудаа явуулахад  илүү зохион байгуулалт сайтай болгож, авах тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно.

   Тэтгэлэг өгч байгаа этгээдээс хамаарч дараах байдлаар ангилж болно:

  • Засгийн газрын тэтгэлэг
  • Сургуулийн тэтгэлэг
  • Албан байгууллагын тэтгэлэг
  • Хувь хүмүүсийн тэтгэлэг

  Засгийн газрын тэтгэлэг нь бусад тэтгэлгээ бодвол суралцагчийн бүхий л зардлыг төлдөг тул залуус маань юуны өмнө засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хичээдэг. Мөн ихэнх улс орнуудын засгийн газрын тэтгэлгүүд оны эхээр буюу энэ цаг хугацаанд зарлагдсан байгаа. Зарим тэтгэлгүүд тухайлбал, Чевенинг COVID-19 цар тахалтай холбогдуулж хэлний шалгалтын шаардлага тавихгүй байгаа зэргээс шалтгаалж энэ удаад зөвхөн Засгийн газрын тэтгэлгийн талаар авч үзлээ.

  Дээр дурдсанчлан улс орнуудын засгийн газрын тэтгэлэг оюутан, залуусыг мөнгөнд санаа зоволгүй, зөвхөн сургалтадаа анхаарахад зориулж бүхий л зардлыг тухайн улсын засгийн газраас төлдөг.  Үүнд дараах зардлууд багтдаг:

  • сургалтын бүтэн төлбөр
  • тухайн улсад очих, буцах 2 талын унааны зардал
  • суралцагч ирэхтэй холбогдуулж гарах зардал буюу тосон авах, визаны төлбөр гэх мэт
  • амьдрах зардал буюу сар бүрийн байр хоол, унааны мөнгө
  • эрүүл мэндийн даатгал
  • судалгааны ажлын зардал, номны мөнгө

   Засгийн газрын тэтгэлгүүд ихэвчлэн магистр болон докторын зэргээр суралцагчдад олгогддог бөгөөд зорилго нь ерөнхийдөө тухайн улс хоорондын харилцаанд хувь нэмрээ оруулах, гүүр болох залуусыг бэлтгэхэд чиглэдэг. Иймээс салбартаа 2 болон түүнээс дээш хугацаанд ажилласан байхыг шаарддаг. Ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар баталгаажуулдаг бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажилласан байх нь давуу тал болдог. Учир нь эдгээр байгууллагад ажиллах замаар дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд дөхөмтэй гэж үздэг. Нэг байгууллагад 2 болон түүнээс дээш хугацаанд ажилласан байх нь илүү давуу тал болдог.

  Дээр дурдсанчлан засгийн газрын тэтгэлэг нь суралцагчийн бүхий л зардлыг төлдөг болохын хувьд тавигдах шаардлага нь бас өндөр байдаг. Жишээ болгож яг одоо зарлагдсан байгаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлагыг дор жагсаав. Бусад улс орнуудын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлагууд ерөнхийдөө ижил байдаг бөгөөд ганц нэг онооны зэрэг жижиг өөрчлөлтүүд бий.

  Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн Монгол Улсын иргэнд тавигдах шаардлага[1]:

  • Өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх ёстой бөгөөд GPA дундаж оноо нь 3.0-аас багагүй байх.
  • Өргөдөл гаргагч нь IELTS (Academic)-н 6.0 болон түүнээс дээш оноотой байх ёстой бөгөөд бэнд оноо буюу доторх задаргаа оноо тус бүр нь 5.5-аас багагүй байх, iBT-TOEFL эсвэл PTE-н үүнтэй тэнцэх оноотой байх. Оноо нь 2022 оны нэгдүгээр сарын 1 өдөр гэхэд хүчинтэй байх.
  • Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн нэг давуу тал бол дээрх оноонд хүрээгүй байсан ч гэсэн Монголдоо 6 хүртэлх сарын англи хэлний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд сургалтын дараа шалгалт өгч оноогоо ахиулах боломж олгодог. Сургалтыг Австралийн ЗГ-аас зохион байгуулна. Хэрвээ дээрх оноонд хүрч чадахгүй бол тэтгэлэг авах шалгаруулалтаас хасагдана.
  • Өргөдөл гаргагч нь хөгжлийн бэрхшээлтэй бол 2 жил ажилласан байхыг шаардахгүй хэдий ч ямар нэгэн суурь өвчтэй бол энэ нь хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт хамаарахгүй.  Австралийн эрх зүйн зохицуулалтаар хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт ямар ойлголт багтдаг болохыг мэдэхийн тулд өргөдөл гаргагчдад зориулсан холбогдох бичиг баримттай танилцах шаардлагатай.

   Монгол Улсын иргэд оролцож болох засгийн газрын зарим тэтгэлгүүдийн холбогдох линкийг дор жагсаалаа. Засгийн газрын тэтгэлгүүд нь ерөнхийдөө хүний эрх, худалдааны эрх зүй, тэгш байдал, олон улсын эрх зүй зэрэг чиглэлийг хамаардаг буюу бусад салбартай нэгэн адил хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжтой.

 

Засгийн газрын тэтгэлгүүд, холбогдох линкүүд, материал авах хугацаа:

 

 https://www.studyinkorea.go.kr/mn/sub/gks/allnew_invite.do

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн