ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021-03-12 | Уншсан: 1240

  Монголын Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр байгууллаа.

  Санамж бичигт ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, дэд дарга Ш.Жолбарс нар байлцсан.

   Санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг оролцуулан судалгаа хийх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явц дахь тодорхой хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

   ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Хүний эрхийн асуудал нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Хүний эрхийг хамгаалахад бусад салбар, хүн бүрийн оролцоо, ялангуяа хуульчдын оролцоо, идэвх, санаачилга онцгой чухал” гэдгийг онцлон тэмдэглээд “өдөр тутмын үйл ажиллагаа нь хүний эрхтэй шууд холбогдож байдаг хуульчдын мэргэжлийн, өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтран ажиллах нь хүний эрхийн салбарт бодитой үр дүн авчирна” гэв.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн