“ХУВИЙН ЭРХ ЗҮЙН  ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-04-23 | Уншсан: 1675

  Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

   Иргэний эрх зүйн хороо нь энэ жилийн хувьд “Хувийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” сэдвээр илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд МУИС, "Отгонтэнгэр" ИС, "Шихихутуг" ИС, "Их засаг" олон улсын их сургууль, ДХИС, Санхүү, Эдийн засгийн их сургууль зэрэг нийт зургаан сургуулийн 24 оюутнаас 22 илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлээс шилдэг 10 илтгэлийг урьдчилан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр "zoom" программыг ашиглан онлайнаар хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

   Уралдааны эцсийн шалгаруулалтын дүнгээр:

1-р байранд “Мерчандайзийн гэрээний эрх зүйн зохицуулалт, мерчандайзийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Ч.Болормаа;

2-р байранд “Цахим худалдаан дахь хэрэглэгчийн эрх, түүний эрх зүйн тулгамдсан асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Б.Ууганболор;

3-р байранд “Компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээ” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р түвшний оюутан Б.Бямбазаяа, Б.Лхагважаргал нар;

Тусгай байрт “Арилжааны хэлцэл ба хэрэглэгчийн гэрээний онолын үндэс, практикт гарч буй зарчмын асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр “Шихихутуг их сургуулийн 4-р түвшний оюутан С.Энэрэл, “Худалдах, худалдан авах гэрээний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Э.Эрхбилгүүн нар тус тус шалгарлаа.

   Уралдааны эхний шалгаруулалтын шүүгчдээр Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд,  хоёрдугаар шатны шүүгчдээр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд болох хуульч Э.Болорчулуун, Д.Отгонбат, С.Цацралтуяа нар ажилласан юм.

            Илтгэлийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

   Илтгэлийн уралдааны эцсийн шатны шалгаруулалтыг Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг ЭНД үзэх боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн