ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

2021-09-14 | Уншсан: 2173

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

Бодлогын нөхцөл:

          2017 оны 5 сард иргэн  Асралт  нь өөрийн нэр дээр байдаг Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах хүнсний 8 нэрийн барааны дэлгүүрийг үлдэгдэл барааны хамтаар танил Тулгад 3 жилийн хугацаатай, сарын 400 мянга, жилийн 4 сая 800 мянган төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцож түрээсийн гэрээ байгуулжээ.

          Гэвч Тулга нь 2018 оны 7 сар хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй, Асралт түрээсийн төлбөрөө нэхэхэд “орлого муу байна, удахгүй жилээр нь мөнгийг төлнө” гэж удаа дараа ярьсан боловч  өгөхгүй байсан тул Асралт найз Цогоогийн хамт  2018 оны 07 сарын 15-ны өглөөний 6 цагийн үед Тулгад мэдэгдэлгүйгээр, Цогоог хүн харж байгаарай гэж хэлээд дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж  архи, пиво, тамхи, ундаа хүнсний бусад бүтээгдэхүүн зэргийг өөрийн эзэмшлийн портер машинд ачиж “Амгалан” хүнсний захын лангуунд бөөний үнээр худалдан нийтдээ 6.500.000  төгрөг олоод паб-д орж архидсан байна.

          Тулга өглөө 9 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд хаалга эвдэрсэн, их хэмжээний бараа алга болсон байсан тул цагдаа дуудаж, тэд хэргийн газар үзлэг хийхдээ Тулгыг өөрийг нь хөндлөнгийн гэрчээр оролцуулж үзлэгийн үр дүнг баталгаажуулжээ.

          Тухайн үед нэлээд согтуу байсан Асралт Тулга руу утасдаж, түрээсийн төлбөрөө олж авснаа хэлж, паб-д ирж уулзахыг хүссэн.  Асралт “...танайхаас авсан барааг 6 сая 500 мянгаар зарсан, түрээсийн төлбөр болох 5сая 600 мянгыг авлаа гээд үлдсэн 900 мянган төгрөгийг Тулгад өгч, наад мөнгөнөөс бидний уусан архины мөнгийг төлөөрэй...” гэхэд Тулга ихэд уурсаж, маргаан үүсгэж Асралтыг хэд хэдэн удаа цохиход, Цогоо Тулгын хоёр гарыг барьж, харин Асралт түүнийг архины шилээр цохиж нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр “Тулгын нүүрэнд үүсэн зүсэгдэлтийн сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатай” гэжээ. Тухайн үед паб-д нилээдгүй хүмүүс үйлчлүүлж байсан ба хамгаалагчид ирж зодооныг салгаж, цагдаа дуудсан байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Асралт “Хүнсний дэлгүүр бол миний өмч, Тулгад дэлгүүрээ түрээсэлсэн, түрээслэхдээ нилээд бараатай үлдээсэн тэр бараагаа л авсан, мөн дэлгүүрийг маань жил гаруй хугацаанд түрээсэлчихээд ганц ч төгрөг өгөөгүй, намайг хохироосон, өөрийхөө өмч хөрөнгийг авах эрх байгаа, төлбөр төлөөгүй тохиолдолд дэлгүүрийг буцааж өгнө гэж гэрээнд заасны дагуу дэлгүүрийн барааг авсан, иймд  бусдын эд зүйлийг хууль бусаар авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү ” гэх агуулга бүхий хүсэлтийг мөрдөгчид  гаргаж улмаар Тулгын дэлгүүрээс бараа хууль  бусаар авсан үйлдэлд  эрүүгийн хэрэг нээхээс  татгалзсан шийдвэр гаргажээ.

Цогоо нь “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Ү-г мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан” үйлдэлдээ 2017 оны 2 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсгээр ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байдаг.

          ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:

1. Асралт, Цогоо нарын үйлдлийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ үү?

2. Бодлогын нөхцөлд өгөгдсөн үйл баримтад тулгуурлан эрүүгийн процессийн эрх зүйн үүднээс хууль зүйн дүгнэлт хийнэ үү?

БОДОЛТ

Материаллаг эрх зүйн үүндээс хэргийн зүйлчлэл хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх (нийт 14 оноо)

Нэг. Бодлогын нөхцөлд өгөгдсөн үйл баримт, нөхцөл байдалд  материаллаг эрх зүйн үүднээс хууль зүйн дүгнэлт хийх (0-2 оноо)

          а/.Тулгын түрээсэлж буй дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж их хэмжээний барааг хууль бусаар авсан,

          б/.Паб-д архи ууж согтуурсан үедээ Асралт,Цогоо нар нь Тулгыг архины шилээр цохиж нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн, шинжээчийн дүгнэлтээр “Тулгын нүүрэнд үүссэн зүсэгдэлтийн сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатай” гэх үйлдлүүд тус тус байх бөгөөд эдгээр үйлдлүүдэд гэмт хэргийн шинж байгааг шалгана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт, шинжийг:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан үйлдэл, эс үйлдэхүй

2.Нийгэмд аюултай байх

3.Гэм буруутай байх хэмээн тодорхойлсон бөгөөд хуулийн дээрх ойлголттой уялдуулан Асралт, Цогоо нарын  үйлдэлд гэмт хэргийн шинж байгааг тодорхойлбол:

          1. Цогоо хүн харж зогсож улмаар Асралт дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж их хэмжээний барааг өөрийн эзэмшлийн портер машинд ачиж, улмаар бусдад худалдсан, мөн тэд паб-д архи ууж согтуурсан үедээ Тулгыг архины шилээр цохиж нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн, шинжээчийн дүгнэлтээр “Тулгын нүүрэнд үүссэн зүсэгдэлтийн сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатай” гэх хууль бус үйлдлүүд байх бөгөөд эдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17, 20, 11 дүгээр бүлгүүдэд тодорхой төрлийн гэмт хэрэг болгон хуульчилсан,

2. Асралт нь өөрийн өмчлөлийн дэлгүүрийг Тулгад түрээслэсэн, түрээсийн гэрээний дагуу тухайн үед Тулгын эзэмшилд байсан учраас Тулгын эд хөрөнгөд халдаж их хэмжээний хохирол учруулсан, тухайн үйлдлээ хэрэгжүүлэхдээ бүлэглэн үйлдсэн, мөн паб буюу олон нийтийн газар маргаан үүсгэж, зодоон хийж улмаар Цогоотой бүлэглэн Тулгыг зодож гэмтэл учруулсан нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн хэв журмыг зарчсөн нь тэдний үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг илэрхийлнэ.

3.Асралт, Цогоо нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь бодлогын нөхцөлөөс харагдах ба энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлно.

Дээрхээс үзэхэд Асралт, Цогоо нарын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдний  үйлдэлд тохирсон хэргийн зүйлчлэлийг хийх  шаардлагатай.

Хоёр. Асралт, Цогоо нарын хууль бус үйлдэлд тохирох эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг сонгон авч тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлох.(0-12 оноо)

          2.1. Цогоо хүн харж зогсож улмаар Асралт дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж их хэмжээний барааг өөрийн эзэмшлийн портер машинд ачиж, улмаар бусдад худалдсан үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг сонгон авч бүрэлдэхүүний шинжээр тодорхойлох:

          Бусдын өмч,хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг хулгайлах гэнэ.

Объектив шинж нь: Бусдын өмч,хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлээр илрэх ба үйлдлийн арга нь хүч хэрэглэхгүй, нууцаар авсан байх бөгөөд бага хэмжээний хулгайлахыг гэмт хэрэгт тооцдоггүй онцлогтой. Тухайн зүйлийн хуульчлагдсан диспозицид уг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар  төгссөн гэмт хэрэг болно.

Субъектив шинж нь: гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайрах сэдэлттэй.

Субъект нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүн байна.

Хууль тогтоогч хулгайлах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар буюу хохирлын хэмжээг тодорхойлохгүйгээр зөвхөн үйлдлийн шинжийг тодорхойлсон, гэхдээ  “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэх тайлбараас харахад уг гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүн нь “301.000 төгрөгөөс дээш хэмжээний эд зүйлийг хулгайлсан байх” буюу  301.000 төгрөгөөс доош бол Зөрчлийн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл “хэлбэрийн” бүрэлдэхүүнтэй хуульчилсан хуулийн агуулгыг “материаллаг” бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлэн тайлбарласан, цаашлаад тайлбарын хоёр дахь өгүүлбэрт” ...Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэсэн нь 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээний үнэ бүхий хөрөнгө хулгайлсан бол эрүүгийн хэрэг болохгүй гэх эхний өгүүлбэрийг “үгүйсгэж” уг гэмт хэргийн  хүндрүүлэх бүрэлдэхүүнд 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээний үнэ бүхий хөрөнгө хулгайлсан байдал хамаарахаар тайлбарласан нь хэм хэмжээний зөрчилдөөн буюу коллизийг буй болгож байна. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлахад хэм хэмжээний позитивист онолыг зайлшгүй баримтлах шаардлагатай бөгөөд энэ нь хуулийн заалтын хүрээнд, хуулиас давж тайлбарлахыг хориглодог. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ нь хуулийг төсөөтэй хэрэглэхээс зайлсхийх “hard norm” буюу хатуу нөхцөлөөр хуульчлагдсан байх зайлшгүй шаардлагыг ямагт агуулах учиртай.  Эрүүгийн хуулийн тайлбар нь ихэнх тохиолдолд хуулийн агуулгын хүрээнд зөвхөн “үгийн утгыг” тайлбарлах байдлаар буюу  хэм хэмжээний  хязгаарлалтын онолд тулгуурлах талаар эрдэмтэд судлаачид тэмдэглэсэн байдаг.Тайлбар нь ямагт хоёрдмол утгыг агуулах учиргүй.   (тайлбарт хууль зүйн болоод онолын үүднээс дүгнэлт хийсэн бол урамшуулал 1 оноо)

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Асралт, Цогоо нарын үйлдэлтэй нийцүүлж үзэх:

          Бодлогын нөхцөлд “...Асралт  найз Цогоогийн хамт  өглөөний 6 цагийн үед Тулгад мэдэгдэлгүйгээр, Цогоог хүн харж байгаарай гэж хэлээд дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж  архи, пиво, тамхи, ундаа  хүнсний бусад бүтээгдэхүүн зэргийг өөрийн портер машинд ачиж “Амгалан” хүнсний захын лангуунд бөөний үнээр худалдан нийтдээ 6.500.000  төгрөг олсон” гэснээс үзэхэд Тулгын өмчлөлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан объектив шинж, тухайн дэлгүүрийг түрээсийн гэрээгээр барааны хамт Тулгад шилжүүлсэн,  Тулгын эзэмшлийн зүйлс гэдгийг мэдэж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн “санаатай” гэм буруугийн хэлбэрээр субъектив шинж тус тус илэрч буй нь Асралт, Цогоо нарын үйлдэлд “хулгайлах” гэмт хэргийн шинж байна.

Тэдний хууль бус үйлдлийн дүнд Тулгад 6 сая 500 мянган төгрөгийн хохирол учирсан ба энэхүү хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “их хэмжээний хохирол”-д хамаарах, Тулгын амьдралынх нь эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд халдсан гэж үзвэл “ноцтой хохирол” –д тус тус хамаарах юм.

          2.2. Паб-д архи ууж согтуурсан үедээ Асралт, Цогоо нар нь Тулгыг архины шилээр цохиж нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн, шинжээчийн дүгнэлтээр “Тулгын нүүрэнд үүссэн зүсэгдэлтийн сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатай” гэсэн ба эдгээр үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” болон Тулгын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож улмаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн тохирох хэсгээр тус тус зүйлчлэх шаардлагатай.

          Эхлээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг тодорхойлно.

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь энэ гэмт хэргийн объектив шинжсубъектив шинж  санаатай гэм буруугаар тус тус илэрнэ.

Дээрхийг Асралт, Цогоо нарын үйлдэлтэй нийцүүлж үзвэл:

Маргаан зодоон болсон газар нь олон нийтийн газар бөгөөд Асралт, Цогоо нар нийгэмд тогтсон заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээг мөрдөлгүйгээр Тулгыг зодож, олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчсөн, энэхүү үйлдээ Асралт Найз Цогоогийн хамт хэрэгжүүлсэн нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж байна.  Нийгмийн хэв журам нь хүн амын амгалан тайван байдал, ая тухтай бололцоо, байгууллагын хэвийн ажиллах нөхцөл, ард түмний эрх ашигт нийцэх хэм хэмжээгээр зохицуулагдаж буй харилцааны бүхэл тогтолцоо юм. Энэ утгаар тэдний үйлдэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Ийнхүү нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа Тулгын “... нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн, шинжээчийн дүгнэлтээр “Тулгын нүүрэнд үүссэн зүсэгдэлтийн сорви нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбар зайлшгүй хийх шаардлагатай” гэх гэмтлийг тодорхойлох шаардлагатай.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 216/422 тоот “Гэмтлийн тогтоох журам”-ын 3.5.4.нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах Үүнд: ...нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна” гэсний дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул шинжийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Иймд Асралт, Цогоо нарын үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг сонгон авч бүрэлдэхүүний шинжийг тодорхойлох шаардлагатай.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн

Объектив шинж нь Хүний бие махбодид хууль бусаар хүнд хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй, түүний эцэст дээрх гэмтэл учирсан хор уршигт хүргэсэн материаллаг гэмт хэрэг болно.

Субъектив шинж нь Хүний бие махбодид хүнд хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хүнд хохиролд зориуд хүргэсэн санаатай гэм буруугаар илрэх бөгөөд Цогоо, Асралт нар бүлэглэн Тулгыг архины шилээр цохиж нүүрийг засрашгүй гэмтээсэн хор уршгийг буй болгосон нь уг гэмт хэргийн объектив шинжийг, тухайн гэмтлийг санаатайгаар учруулсан нь субъектив шинжийг тус тус хангаж байна.

          2.3.Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн хувьд бүрэн хангаж байгаа ч үйлдэгдэх онцгой нөхцөл байдал, нийгэмд ашигтай байх сэдлээр гэмт хэргийг үгүйсгэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан бөгөөд эдгээрт заасан  хууль ёсны шинж Асралт, Цогоо нарын  үйлдэлд тогтоогдохгүй байна.

2.4.Гэмт хэргийн үе шатыг шалгах

Санаатай гэмт үйлдлийн үе шатыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7, 2.8 дугаар зүйлүүдэд тус тус хуульчлан тогтоосон бөгөөд бодлогын нөхцлөөс харахад Асралт, Цогоо нарын үйлдэлд хулгайлах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн  бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байгаа учраас “төгссөн” гэмт хэрэг тул  гэмт хэрэгт бэлтгэх болон завдах шинжийг хангахгүй байна.

2.5.Бодит зүйлчлэл хийх үе шат.

Хамтран оролцогч байгаа эсэх болон хүндрүүлэх нөхцөлийг шалгаж бодит зүйлчлэл хийх шаардлагатай.

          2.5.а/.Хамтран оролцогч байгааг шалгах

          Бодлогын нөхцөлд “... Асралт  найз Цогоогийн хамт  2018 оны 07 сарын 15-ны өглөөний 6 цагийн үед Тулгад мэдэгдэлгүйгээр, Цогоог хүн харж байгаарай гэж хэлээд дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж  архи, пиво, тамхи,ундаа  хүнсний бусад бүтээгдэхүүн зэргийг өөрийн эзэмшлийн  портер машинд ачиж “Амгалан” хүнсний захын лангуунд бөөний үнээр худалдан борлуулсан, ... Цогоо Тулгын хоёр гарыг барьж, харин Асралт түүнийг архины шилээр цохиж нүүрэнд гүнзгий сорви үлдээсэн...” гэснээс үзэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл.Гэмт хэрэгт хамтран оролцох (Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ), ийнхүү хамтран оролцох хэлбэр нь мөн хуулийн 3.7 дугаар зүйл.Бүлэглэн гүйцэтгэх(1.Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ)-ээр тус тус илэрч байна.

          Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэх, ялыг ялгамжтай оногдуулах үүднээс хамтран оролцогчдын төрлийг зайлшгүй тодорхойлох шаардлагын үүднээс бодлогын нөхцөлтэй уялдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэргийн гүйцэтгэгч Асралт, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу хамжигчаар Цогоог тогтоох боломжтой.

2.5.б/. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шалгах

-эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт:

17.1 дугаар зүйлийн 2-д Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж гэх хүндрүүлэх нөхцөлүүд,

-эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт:

20.16 дугаар зүйлийн 2-д Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; (эрүүгийн хуулийн хуульчилсан тайлбарт: “зэвсэг, ...” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, ...бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.)

          -эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт:

11.1 дүгээр зүйлийн 2-д Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; (эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2.11 дэх хэсэгт “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөлийг хуульчилсан нь тухайн гэмт хэрэгт Асралт, Цогоо нарын үйлдлийн хүндрүүлэх нөхцөлд хамаарна)

          2.5.в/.Бодит зүйлчлэл хийх

          -Асралтын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэх.

          -Цогоогийн хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэх.

Гурав. Процессийн эрх зүйн үүндээс бодлогын нөхцөлд өгөгдсөн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх (0-6 оноо)

3.1.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх  асуудал:

          Асралт, Цогоо нарт ял оногдуулахдаа:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дэх хэсгийг удирдлага болгох

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал  байгааг шалгах

-Хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх /эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8/

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шалгах/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7/

          Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал:

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ” хуулийн 1.1 дэх хэсэгт “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих...”, 3.1 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ”, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах(эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 20.16.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасах), 7 дугаар зүйл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих (эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2.1,2.2,2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар ), эцэст нь уг хуулийн 12.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг эрүүгийн хуулийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ.

Цогоогийн хувьд  урьд нь “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүүхэд мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан” үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсгээр ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийдвэртэй ба Өршөөлийн хуулийн 5.2 дахь хэсэгт  “...тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэх заалтад хамаарах хэдий ч мөн хуулийн 1.1-д “... нэг удаа өршөөн хэлтрүүлэх...” гэх заалтыг удирдлага болгон ялтанд ашигтай нөхцөлийг хэрэглэх буюу сүүлийн үйлдсэн гэмт хэргүүдэд өршөөлийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэх боломжтой гэж үзнэ.

3.2. Мөрдөгчийн гаргасан шийдвэрийг дүгнэх

Бодлогын нөхцөлд цагдаагийн ажилтнууд хэргийн газар үзлэг хийхдээ Тулгыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж үзлэгийн үр дүнг баталгаажуулсан талаар дурджээ.

ЭХХШХ-н 23.3 дугаар зүйлд “1.Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ” гэж заасны дагуу Тулгын дэлгүүрт гарсан хэргийг илрүүлэх үүднээс хэргийн газрын үзлэгийг явуулсан байна.

Ийнхүү үзлэгийг явуулахдаа ЭХХШХ-н 9.7 дугаар зүйлд зааснаар  хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах бөгөөд  мөн хуулийн 9.7.2 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэх заалтыг удирдлага болгоно. Гэтэл тухайн хэргийн хохирогчийг хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь  ЭХХШХ-г зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

ЭХХШХ-н 9.7  дугаар зүйлийн 5-д “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасны дагуу үзлэгийн явцыг дуу дүрсний бичлэгээр баримтжуулж болох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Асралтын зүгээс Тулгын дэлгүүрээс эд зүйлийг хууль бусаар авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хүсэлтийг  мөрдөгч  хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзсан шийдвэр гаргасан” үйлдлийг процессийн эрх зүйн үүднээс дүн шинжилгээ хийвэл:

а/.ЭХХШХ-н 15.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй” гэсний дагуу Асралт мөрдөгчид хүсэлт гаргасан байна.

Мөн хуулийн 15.4 дүгээр зүйлд заасны дагуу “...оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол...”

- бүрэн

-хэсэгчлэн

-хангахаас татгалзах шийдвэрийг гаргана. Бодлогын нөхцөлөөс харахад Асралтын хүсэлтийг мөрдөгч “бүрэн” хангасан бөгөөд мөрдөгч нь эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан  шийдвэр гаргажээ.

Эрүүгийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг мөрдөгч бие даан шийдвэрлэх эрхгүй бөгөөд ЭХХШХ-н 30.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч эрүүгийн хэрэг нээхээс татгалзах саналаа прокурорт гаргах ёстой, энэ утгаараа мөрдөгчийн гаргасан шийдвэр хуулийн үндэслэлгүй болно. ЭХХШХ-н 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзана” гэж заасан.

Асралт, Цогоо нарын хууль бус үйлдлийг материаллаг эрх зүйн үүднээс дүн шинжилгээ хийж үзэхэд тэдний үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа бөгөөд ЭХХШХ-н 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд тогтоогдохгүй байгаа нь мөрдөгчийн гаргасан шийдвэр хуулийн үндэслэлгүйг давхар нотолж байна.

 

Бодлогын хариулт дүгнэх онооны хуваарилалт

 

дд

Шалгах зүйл

Дүгнэх оноо

1

Бодлогын нөхцөлд өгөгдсөн үйл баримт, нөхцөл байдалд  материаллаг эрх зүйн үүднээс хууль зүйн дүгнэлт хийх, Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлох

0-2

2

Асралт дэлгүүрийн хаалгыг эвдэж эд зүйл авсан үйлдэл, энэ хэрэгт Цогоогийн хамтран оролцоог зүйлчлэх  

0-6

 

3

Асралт паб-д Тулгын биед гэмтэл учруулсан үйлдэл, энэ хэрэгт Цогоогийн хамтран оролцоог зүйлчлэх

0-6

4

Бодлогын нөхцөлд Эрүүгийн процессын эрх зүйн үүднээс дүгнэлт хийх

- Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх

-Мөрдөгчийн гаргасан шийдвэрийг дүгнэх

0-6

Нийт

0-20

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн