“ГЭРЧ, ХОХИРОГЧИЙН ХАМГААЛАЛТ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2021-11-25 | Уншсан: 581

   Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос “Гэрч, хохирогчийн хамгаалалт” номыг эрхлэн гаргасан бөгөөд тус номын нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.  

  Номын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батхуяг нар оролцсон.

  Энэ үеэр ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн 5 жилийн ойг тохиолдуулан “Гэрч, хохирогчийн хамгаалалт” номын дээжээс хууль сахиулагчдад хандивласан юм.

  Тус номын зохиогчоор ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалан, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батхуяг нар ажиллаж, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд хянасан юм.

  Энэхүү ном нь гэрч, хохирогчийг хамгаалахтай холбогдсон олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны судалгаа болоод гадаад орны эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг багтаасан.

  Уг номоос иргэдэд хамгийн түгээмэл тулгамддаг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох зэрэгтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг хялбар олж авахын зэрэгцээ хуульч, хууль сахиулагчид өдөр тутмын хэрэгцээндээ болон сургалтын хэрэглэгдэхүүн байдлаар ашиглах боломжтой юм.

  Иргэд, хуульчид тус номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхрын номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн