“МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2021-11-25 | Уншсан: 313

   Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Ш.Цогтоо, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Д.Баярсайхан, Ахлах багш докторант Д.Ганзориг нарын нийтийн албаны ажилтан, албан хаагч, их дээд сургуулийн докторант, магистрант, оюутан сонсогчдод зориулсан “Монгол Улсын захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги” мэргэжлийн сурах бичиг хэвлэгдэн гарч нийтийн хүртээл боллоо.

   Энэхүү бүтээл нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх Монгол Улсын нийтийн захиргааны удирдлага буюу Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа тойрсон Үндсэн хууль, эрх зүйн онол, улс төр судлалын шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ мэдлэгийн нийлмэл цогц илэрхийлэл болж чадсанаараа онцлог юм.

   Эрхэм хүндэт уншигч, судлаач Та бүхэн уламжлалт төрийн удирдлага ба орчин цагийн нийтийн захиргааны эрх зүйн зохицуулалтын өчигдөр, өнөөдөр, маргаашид холбогдох онол практик, тэрчлэн Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын тамгын газраар үйлчлүүлж буй хэн бүхэн наад захын хэрэгцээт зүйлээ нэг дороос харж үзэж болохоор нэлээдгүй чухал асуудлууд энэхүү номонд эмхлэн цэгцлэгдсэн нь тун олзуурхууштай. Мөн төрийн захиргааны байгууллагуудын эерэг сөрөг янз бүрийн шийдвэр, маргаан мэтгэлцээнтэй байнга тулгарч байдаг шүүх, прокурор, өмгөөллийн ажилтнуудад ч нэгэн адил хэрэглэгдэх арга зүйн ач холбогдолтой бүтээл болжээ.

   Захиргааны эрх зүйн ерөнхий, тусгай анги шинэ ном Засгийн газрын ордны баруун талд байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбооны I давхрын номын дэлгүүрт худалдагдаж байгаа болно.

 

Монголын Хуульчдын Холбооны Тамгын газар,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын алба,

МУИС-ийн ХЗС, Нийтийн эрх зүйн танхим

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн