“ХУУЛЬЧ ЭМЭГТЭЙ” КЛУБТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2021-12-26 | Уншсан: 1228

   Монголын Хуульчдын холбоо нь “Хуульч эмэгтэй” клубтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Санамж бичиг зурах ёслолын ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон бөгөөд санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Хуульч эмэгтэй” клубийн ерөнхий зохицуулагч Н.Энхцэцэг нар зурж баталгаажуулсан. Тус ёслолд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, “Хуульч эмэгтэй” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Баасанжаргал, Э.Аззаяа нар байлцсан.

  Талууд нь хамтын ажиллагааныхаа хүрээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, нөлөөллийг дээшлүүлэх, хуульч эмэгтэйчүүдийг дэмжих, идэвхжүүлэх, урам зориг өгөх хөтөлбөр, харилцаа холбоо бий болгох, Монголын нийгэм, шударга ёсны тогтолцооны дэвшилтэт өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоог хангах явдлыг дэмжих, хөгжүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллах юм.

  Энэ хүрээнд эхний ээлжид 2022 онд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь жендерийн тэгш байдлын талаарх нөхцөл байдал” суурь судалгаа явуулах, “Эмэгтэйчүүд хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд: хэвшмэл ойлголт, сорилт, амжилт” агуулгын хүрээнд үндэсний хэмжээний бага хурлыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон. Мөн талууд хуульч эмэгтэйчүүдэд чиглэсэн уулзалт, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг зохион явуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж нийгэмд болон хуульч, эрх зүйчдэд нийтлэг чиглэсэн тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ. Түүнчлэн Хуульчдын холбоо нь “Хуульч эмэгтэй” клубээс санаачилсан нийт хуульчдыг хамарсан асуудлаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт төсөв, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх юм.

  Сонирхуулахад, “Хуульч эмэгтэй клуб нь Монголын хуульч эмэгтэйчүүдэд туршлага солилцох, ур чадвараа хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, улмаар нийгэмд хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сард Хуульчдын холбооны гишүүн 25 хуульч эмэгтэй санаачлан байгуулсан сайн дураараа нэгдсэн оролцооны нэгдэл юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн