НИЙСЛЭЛИЙН 1123 ИРГЭН, 21 АЙМГИЙН 4573 ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-05-06 | Уншсан: 768

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

   Энэ хүрээнд Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2022” өдөрлөгийг 2022 оны тавдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим зэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгсөн бол зарим байгууллага төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн.

   Мөн Монголын Хуульчдын холбооны гишүүн ахмад хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажилласан бөгөөд тус өдөрлөгт нийслэлийн 1123 иргэн, 21 аймгийн 4573 иргэн оролцож, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ авсан байна. 

  Түүнчлэн "про боно өдөр"-ийн хүрээнд хуульчид “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хор уршгийг таниулах нь” сэдэвт сургалтыг нийслэл болон 21 аймгийн 92 сургуулийн 7153 сурагчдад орсон.

  Үүний зэрэгцээ Хуульчдын холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан юм.

    Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийнхаа хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг "Хуульчийн про боно өдөр"-ийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан нийт байгууллага хамт олонд болон хуульчдадаа талархал илэрхийлье. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн