Хууль зүйн судалгааны бүтээлийг нэгтгэх www.legaldata.mn цахим хуудсын нээлт боллоо
2016 оны 04-р сарын 12.     МЯГМАР ГАРАГ

        Монгол Улсад гарч байгаа хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн www.legaldata.mn цахим сангийн нээлт өнөөдөр /2016.04.12/ боллоо. Нээлтэд хуульч Ц.Цогт, “Оюуны иноваци” Эрх зүйн судалгааны төвийн судлаач П.Баттулга, Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Гүнбилэг, Хууль зүйн үндсэний хүрээлэнгийн захирал, доктор Э.Батбаяр болон хуульч, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

        Монгол Улс дахь хууль зүйн шинжлэх ухааны бүтээлүүдийг нэгтгэсэн цахим сан бүрдүүлэх, хууль зүйн чиглэлийн судлаач, эрдэмтэд, хуулийн сургуулийн оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тэдний хийсэн бүтээлийг судалгаа, шинжилгээ, зах зээлийн эргэлтэд оруулах зорилготой уг цахим санг үүсгэн бий болгох санаачилгыг хуульч Ц.Цогт гаргасан бөгөөд “Оюуны иноваци” Эрх зүйн судалгааны төв, “Онлайн солюшнс” ХХК хэрэгжүүлэгчээр, Монголын Хуульчдын холбоо дэмжигч байгууллагаар ажиллаж байна.

        Төсөл хэрэгжүүлэгчид цахим санг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар хийхийг зорьсон бөгөөд цахим сан дахь бүтээлийг эрх зүйн ангилал, бүтээлийн төрөл, бүтээлийн нэр, зохиогчийн нэр, түлхүүр, үнэтэй эсэх гэсэн олон төрлөөр хайх боломжтой төдийгүй хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэн цахим санд өөрийн бүтээлээ байршуулахаар илгээх боломжтой юм. Мөн цахим хуудсын админ уг бүтээлийг хянаж, уг бүтээл нь цахим хуудсын баримталж буй бодлогод нийцсэн тохиолдолд цахим санд байршигдаж, нийтэд түгээх бөгөөд зохиогч нь өөрийн бүтээлээ цахим санд үнэтэй байршуулах эсэх, хэдэн төгрөгийн үнэтэй байршуулах эсэхээ өөрөө сонгох боломжтой ажээ.

        Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болсноос хойш эрдэмтэн, судлаачид хууль зүйн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг нийтийн болон хувийн, олон улсын эрх зүйн салбараар хийж ирсэн. Үүний үр дүнд хууль зүйн чиглэлээр ном, сурах бичиг, илтгэл, өгүүлэл төдийгүй бакалаврын төгсөлтийн ажил, магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл, туурвил олноор гарч буй. Тэгвэл хууль зүйн чиглэлээр гарч байгаа бүтээлүүдийг нэгтгэсэн цахим сан бий болгосноор хууль зүйн чиглэлийн судлаач, эрдэмтэд, хуулийн сургуулийн оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, тэдний хийсэн бүтээлийн судалгааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ нь цаашлаад Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм. Тодруулбал, өнөөгийн байдлаар Монгол Улсад 5000 гаруй хуульч, 3000 гаруй эрх зүйч, хуулийн сургуульд суралцаж байгаа 4000 гаруй оюутан, эдгээр 12.000 орчим хүн энэ цахим хуудсын хэрэглэгч болох боломжтой. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 8000 гаруй хууль зүй чиглэлийн судалгааны бүтээл хэвлэгдэн гарсан төдийгүй “Хууль дээдлэх ёс”, “Монголын төр, эрх зүй”, “Шүүх эрх мэдэл”, “Хүний эрх”, “Өмгөөлөгч”, “Гэмт явдалтай тэмцэх асуудал”, “Шихихутаг” гэх мэт сэтгүүлүүдэд жилд дунджаар 200 гаруй эрдэм, шинжилгээний илтгэл, өгүүлэл нийтлэгддэг байна.

        Эрхэм хуульчид та бүхэн www.legaldata.mn цахим хуудаст зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 




УНШСАН: 1689