“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм.
Энэ жил Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн 2026 онц 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд, орон нутагт 04 сарын 27-29-ны өдөр зохион байгууллаа.