НҮБ-ын конвенцийн алдаатай орчуулга эрүүгийн хуульд сөргөөр нөлөөлж буй тохиолдол

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйл: Хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг /

Хэсэг эрэгтэйчүүд ирлээ. Тэд баян, ядуу, байшин, овоохой, хот тосгон хаана ч байсан, хэнийх ч байсан хамаагүй өдөр, шөнийн аль ч цагт бусдын гэрт хүчээр орно. Ихэвчлэн энгийн хувцастай байх ба залт зэвсэгтэй явж байдаг. Хэний тушаалаар явж байгаагаа болон хэн гэдгээ хэлэхгүй, баривчлах тогтоол үзүүлэхгүй боловч ямар нэгэн  шалтгаан хэлэхгүйгээр гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь эсвэл хэн нэгнийг нь машин руу хүчээр оруулж авч явна. Иргэний олон эрхийг ноцтойгоор зөрчиж, хүн төрөлхтний эсрэг  гэмт хэргийн  эмгэнэлт дүр төрхийн нэг юм.

 

Committee on Enforced Disappearances-Übereinkommen zum Schutz aller Personen vor dem Verschwindenlassen[2] буюу герман хэлнээс хөрвүүлбэл  “Бүх хүнийг сураггүй алга болгохоос хамгаалах НҮБ-ын конвенц” гэж буулгахаар атал, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц“ гэж монгол хэл рүү орчуулсан байдаг. Дээрх конвенцийг “махчилж” орчуулсан, уг гэмт хэргийг Эрүүгийн хуульд оновчтой тусгасан эсэх талаар конвенцийн агуулгыг судлаачийн хувьд судалснаа Та бүхэнд толилуулж байна.

Түүхийн өмнөх ба эрх зүйн түүх

"Habeas Corpus"[3]-аас өмнө буюу Дундад зууны болон орчин үеийн эхэн үед хаад ноёд өөрийн харьяат ард түмнийхээ эрх чөлөө, амьдралыг дур зоргоороо шийдэж, тэднийг хэнд ч  мэдэгдэлгүйгээр байнга "алга болгодог" байжээ[4].

Төр хувь хүний ​​өмнө хариуцлага хүлээдэг, тэднийг дур зоргоороо баривчлан хөнөөж болохгүй гэсэн хуульчлагдсан үзэл санааг анх 16 дугаар зуунд Британид эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарласан „Habeas Corpus“[5]-ын эрх зүйн актаар баталжээ. 19 дүгээр зуунд Европт хөгжсөн орчин үеийн эрх зүйн засаглал нь эдгээр хязгаарлалтуудад нэмэлт хязгаарлалт нэмж оруулсан бөгөөд үүний дагуу төрийн үйл ажиллагаа нь хувь хүний ​​эрхийг үнэмлэхүй стандарт болгон авч үзэх ёстой гэж үзсэн бөгөөд "Хууль дээдлэх нь хууль дээдлэх эрхийг хэрэгжүүлэхийг хэлнэ. Төрийн эрх мэдэл нь гагцхүү хүний ​​нэр төр, эрх чөлөө, шударга ёс, эрх зүйн тодорхой байдлыг баталгаажуулах зорилгоор Үндсэн хууль болон түүнд нийцсэн хуулиудад тулгуурлана” гэсэн зарчмыг бий болгожээ[6].

 

[1] НҮБ-ын Хүний эрхийн дээд хорооны баримт (2009 он) цахим эх сурвалж: www.ohchr.org/sites/default/files/Documents/Publications/FactSheet6Rev.3_Advancecopy.pdf

[2] https://www.bmz.de/de/service/lexikon/uebereinkommen-zum-schutz-vor-dem-verschwindenlassen-60278. Герман хэл дээр хөрвүүсэн албан ёсны хувилбар. 

[3] https://ra.smixx.de/media/files/Habeas-Corpus-Act-1679.pdf.  Энэхүү томьёо нь төрөөс цагдан хоригдож буй хүн бүр цагдан хоригдсон эсэхээ шүүхээр хянан шалгуулах эрхийг илэрхийлдэг. Англо-Саксоний орнуудад энэ эрхийг баталгаажуулсан хууль нь 1679 оны Хабеас Корпусын тухай хууль юм

[4] David Becker: Ohne Hass keine Versöhnung. Das Trauma der Verfolgten. Kore Edition, Freiburg 1995

[5] https://ra.smixx.de/media/files/Habeas-Corpus-Act-1679.pdf

[6]  Klaus SternDas Staatsrecht der Bundesrepublik Deutschland – Band I, C.H. Beck, 1984, § 20 III.

 

Хүмүүсийг сураггүй алга болгох орчин үеийн хэлбэрүүд нь эдгээр зарчмуудын үндсэн зөрчлийг илэрхийлдэг тул холбогдох хууль тогтоомжийн дагуу ардчилсан Үндсэн хуульт улсуудад гэмт хэрэгт тооцогддог. Заримдаа "улсын онцгой байдлын" гэх үндэслэлээр холбогдох хуулиудаар дамжуулан ийм үйлдлийн эрх зүйн үндэслэлийг бий болгох оролдлого хийдэг. Тухайлбал:

            Герман:

Хожим нь “Шөнийн болон манангийн тухай зарлиг” гэж нэрлэгдэх болсон, дэлхийн 2 дугаар дайны үед Адольф Хитлерийн гаргасан "удирдагчийн зарлиг"-ийг 1941 оны 12 дугаар сарын 7-нд эзлэгдсэн нутаг дэвсгэрт Рейх буюу эзлэн түрэмгийлэгч гүрний эсрэг гэмт хэргийг мөрдөн байцаах нууц удирдамж болгон гаргасан юм. Үүний дагуу Франц, Бельги, Люксембург, Нидерланд, Норвеги зэрэг орнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг байж болзошгүй гэж сэжиглэгдсэн 7000 орчим хүнийг Герман руу албадан гаргаж, тэнд нууцаар шийтгэж, гэр бүл, төрөл садан нь ямар ч мэдээлэл авч чадалгүй сураггүй болсон байдаг. Тэднийг ор мөргүй алга болгосон нь эсэргүүцлээс урьдчилан сэргийлэх зорилготой байв. Уг зарлигийг Вильгельм Кейтелийн удирдлага дор Вермахтын дээд командлал (OKW) мөрдөж байсныг хожим дайн дууссаны дараа дайны гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэж ангилсан.[7]

ЗХУ-ын эзэлсэн бүсийн (SBZ) эрх баригчид дайны дараах жилүүдэд эдгээр аргыг хэрэглэсэн гэдэг бөгөөд тусгай хуаранд ор мөргүй алга болсон хүмүүсийн тоо 1945-1949 оны хооронд ойролцоогоор 150,000 орчим болсон гэж үздэг. Энэ бодлогын хамгийн алдартай хохирогчдын нэг бол 1951 онд алга болсон, Германы хожмын ерөнхийлөгч Йоахим Гаукийн эцэг байсан бөгөөд түүний гэр бүлийнхэн нь БНАГУ-ын эрх баригчдаас удаан хугацааны турш баривчлагдсан хүний ​​хувь заяа хэрхсэнийг мэдэхээр удаа дараа шаардаж байсан боловч мэдэж чадаагүй байв[8].

            Умард Ирланд:

1969 оноос хурцдаж, 1970-аад онд дээд цэгтээ хүрсэн Умард Ирландын мөргөлдөөнд Ирландын Бүгд Найрамдахчуудын Арми (IRA)-аас урвасан гэж сэжиглэгдсэн хүмүүсийг ор сураггүй болгох аргыг удаа дараа хэрэглэж байжээ. Ирландын Бүгд Найрамдахчуудын Арми (IRA)-аас алга болсон, хулгайлагдсан, алагдсан гэж нэрлэгдэх болсон эдгээр хүмүүсийн шарилыг дараагийн хэдэн арван жилийн хугацаанд Умард Ирландын янз бүрийн газар нутгаас болон бусад газраас олжээ. 1998 оны “Сайн Баасан гараг”-ийн хэлэлцээрээс хойш Ирланд-Британийн хамтарсан комисс эдгээр алга болсон хүмүүсийн хувь заяаг тодруулахыг оролдсоор байна.

            Хойд Кипр:

Атилла ажиллагааны хүрээнд Турк улс, Бүгд Найрамдах Киприйн хойд хэсгийг эзлэх явцад 1500 орчим кипр хүн олзлогдсон бөгөөд өнөөг хүртэл сураггүй байна. Кипр дэх Сураггүй алга болсон хүмүүсийн хороо (CMP) хүмүүсийн хувь заяаг шалгаж байна.

 

[7] https://de.wikipedia.org/wiki/Nacht-und-Nebel-Erlass

[8] Spurlos verschwunden. Frankfurter Allgemeine Zeitung, 17. Oktober 2007, Nr. 241, S. 38.

 

            Беларус:

1999, 2000 онд Беларусийн сөрөг хүчний таван идэвхтэн алга болжээ. Эдгээр нь Виктар Ханчар, Дмитрий Завадский, Юри Захаранка, Анатолий Красоуски, Тамара Винникова нар байв. Европын Зөвлөлийн мөрдөн байцаалтын явцад тэднийг төрийн удирдлагатай нягт холбоотой үхлийн баг гэгдэх хүмүүс хулгайлж, хөнөөсөн гэж үзсэн байна[9].

Committee on Enforced Disappearances буюу “Бүх хүнийг сураггүй алга болгохоос хамгаалах НҮБ-ын конвенц”-ийг бий болгох үндэслэл, хэрэгцээ, шаардлага

Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн олон улсын эрх зүйн үндэс болсон Ромын дүрэм хэмээн нэрлэгддэг хууль 2002 онд хүчин төгөлдөр болсноор хүнийг сураггүй алга болгох нь олон улсын эрх зүйд анх удаа “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж хуульчлагдсан гэж үздэг. Юуны өмнө 1970-1980-аад оны үед Латин Америкт хэдэн арван мянган хүний ​​хүчээр алга болсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйтэй холбоотой нөхцөл байдал нь ийм үйлдлийг олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээлгэхээр улс орнуудыг улс төр, эрх зүйн ихээхэн хүчин чармайлт гаргахад хүргэсэн. Ромын дүрэмтэй зэрэгцэн 1980 оноос эхлэн “Бүх хүнийг сураггүй алга болгохоос хамгаалах НҮБ-ын конвенц”-ийг боловсруулж эхэлжээ.[10] 2010 онд хүчин төгөлдөр болсон "Бүх хүнийг сураггүй болгохоос хамгаалах тухай" олон улсын конвенцид (2023 оны 4 дүгээр сарын байдлаар) 71 улс нэгдэн орсон[11]. Европын холбооны гишүүн орнуудаас Герман зэрэг 15 улс конвенцийг соёрхон баталжээ. Энэхүү конвенцид оролцогч улс орнуудад сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжилж, сураггүй алга болсон нөхцөл байдлыг судалж, буруутай этгээдүүдийг зохих ёсоор шийтгэхийг үүрэг болгосон. Сураггүй алга болсон гэмт хэргийн хороо (CED) нь конвенцийн хэрэгжилтэд хяналт тавьдаг бөгөөд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог, нэг удаа улиран сонгогдох эрхтэй арван бие даасан, хүндэт шинжээчдээс бүрддэг.

Гэр бүлийн гишүүд эсвэл "хууль ёсны ашиг сонирхол" бүхий хүмүүсийн хүсэлтээр 2011 оноос хойш тус хороо Ирак, Мексик зэрэг улсад 1500 яаралтай арга хэмжээг санаачилсан байна. 2019 онд батлагдсан "Алга болсон хүмүүсийг хайх үндсэн зарчим" нь алга болсон хүмүүсийг, түүний дотор төрөл төрөгсдийг нь үр дүнтэй эрэн хайхад ажиллагааг гүйцэтгэхэд улс орнуудад туслах зорилготой юм.

Хүнийг сураггүй алга болгох нь Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болох нь

ХБНГУ-ын Хүний эрхийн хүрээлэн тус хороонд зориулж хийсэн судалгаагаар цагаачлал, дүрвэхтэй холбоотой конвенцоос үүдэн гарч болзошгүй үүрэг хариуцлагыг судалжээ. Жил бүр олон мянган цагаач, дүрвэгсэд замдаа алга болдог ба хэдийгээр тэд бүгд хүчээр алга болдоггүй ч алга болсон хүний тоо нэмэгдэж байгаа талаар дурдсан байдаг.

 

[9] amnesty.de, 25. November 1999, archiviert vom Original am 12. Juli 2016; abgerufen am 7. April 2012.

[10] Konvention gegen das Verschwindenlassen. In: Quellen zur Geschichte der Menschenrechte. Arbeitskreis Menschenrechte im 20. Jahrhundert, Mai 2015, abgerufen am 11. Januar 2017

[11] https://menschenrechte-durchsetzen.dgvn.de/menschenrechte/politische-buergerliche-rechte/schutz-vor-dem-verschwindenlassen

 

1970-1980 онд Өмнөд Америкийн хоёр улсад цэргийн дарангуйллын үед олон мянган хүн ор сураггүй алга болсон. Сураггүй алга болсон хүмүүсийг байгаа газраас нь хуурч мэхлэх, хулгайлах, хүч хэрэглэх зэргээр авч явдаг бөгөөд хохирогчдыг ихэвчлэн аюулгүй байдлын хүчнийхэн нэрээ нууцалсан хүмүүс баривчилж, хулгайлж, тодорхойгүй газар аваачдаг. Гэнэт "алга болсон" хүний тухай болон алга болсон хүмүүсийн хаана байгааг гэр бүлийнхэн болон олон нийт эрх бүхий байгууллагаас шууд асуусан ч юу ч мэдэж чаддаггүй. Ихэнх тохиолдолд хохирогчийг богино хугацаанд эсвэл хэдэн сар баривчлан саатуулсны дараа шүүх ажиллагаагүйгээр хөнөөдөг бөгөөд энэ хугацаанд ихэвчлэн эрүүдэн шүүдэг бөгөөд аллага нь машид нууцлагдмал байдаг, харин тухайн улсын эрх баригчид  оролцоотой эсэхийг ямагт үгүйсгэдэг.  

Хүчээр алга болгох нь орчин үеийн хүний ​​эрхийн хамгийн аймшигт гэмт хэргүүдийн нэг бөгөөд үүний зэрэгцээ хамгийн бага мэдэгддэг. Хүчээр алга болгох нь төрийн албан тушаалтан болон төрийн дэмжлэг, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бусад этгээд эрх чөлөөгөө хасуулж, улмаар эрх чөлөөгөө хасуулсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хохирогчийн оршин суугаа газрын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаныг хэлнэ.

 Илүү дэлгэрэнгүй, ойлгомжтой болгохын тулд дараах жишээг авч үзье.

Конвенцийн агуулга

Албан ёсоор хөрвүүлсэн хувилбар[12]

Судлаачийн хөрвүүлсэн хувилбар

2 дугаар зүйл

Энэхүү конвенцийн зорилгод “хүчээр алга болгох” гэдэг нь алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаархи мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ.

 

2 дугаар зүйл

Энэхүү конвенцийн зорилгын үүднээс "сураггүй алга болгох" гэдэгт тухайн улсын эрх бүхий албан тушаалтан, аливаа бүлэг этгээд, эсхүл төрийн зөвшөөрөл, туслалцаа, санаачилгаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүс баривчлах, хүн хулгайлах эсхүл бусад хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хасахыг ойлгоно.

Мөн хүнй эрх, эрх чөлөөг нь хассаныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сураггүй алга болсон хүний ​​хувь заяа, оршин суугаа газрыг нуун дарагдуулж түүнийг хуулийн хамгаалалтаас гадуур байлгах үйлдэл мөн хамаарна.

 

            Монгол хэлнээ хөрвүүлсэн конвенцийн орчуулгын ойлгомжгүй байдал:

[12] https://mfa.gov.mn/wp-content/uploads/2022/09/17-1

- Нэг өгүүлбэрээр тухайн үйлдлийг илэрхийлсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй болсон бөгөөд хүнийг сураггүй алга болгох үйлдэл, үйлдлийн арга, үйлдлийн хор уршигийг хооронд нь хольж логик дараалалгүй орчуулсан байна.

- Сураггүй алга болгох үйлдлийн аргыг хүчээр алга болгох гэж “махчлан” орчуулсан бөгөөд хүнийг сураггүй алга болгохын тулд хүч хэрэглэх аргаар эрх чөлөөг нь хасах олон хэлбэрийг тоочсон, энэ гэмт хэргийг үйлдэх субъектийг ойлгомжгүй байдлаар хөрвүүлжээ.  

            Монгол улсын Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг зохицуулсан байдал

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйл. Хүнийг хүчээр алга болгох

1.Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол......

2.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол .......

               Эрүүгийн хууль дахь зохицуулалт конвенцийн агуулгад нийцээгүй байдал:

1. Конвенцийн агуулга болон түүхэн баримтаас үзвэл “Бүх хүнийг сураггүй алга болгох” гэмт хэрэг нь улс төрийн мөргөлдөөн, дайн, эрх мэдлийн дарангуйллаас улбаатай улс төрийн хурцадмал байдал, дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал үүссэн улсад ихэвчлэн үйлдэгддэг байна. Монгол улсын хувьд ийм нөхцөл байдал үүсээгүй ч үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн конвенцид нэгдэн орсон нь эерэг боловч конвенцийн орчуулга зөв эсэхэд дахин анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

2. Конвенцийн дагуу хүнийг сураггүй алга болгох нь Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг бол Монгол улсын Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэг буюу ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ гэсэн бүлэгт “Хүнийг хүчээр алга болгох” гэсэн гэмт хэргээр томьёолж хуульчилсан нь буруу болжээ.

3. Хүнийг сураггүй алга болгох гэмт хэргийн нэг арга хүч хэрэглэх, албадах аргыг үндсэн гэмт хэрэг болгосон нь конвенцийг “махчилж ” орчуулсны үр дагавар гэж үзлээ.

4. Конвенцийн дагуу шийдвэрлэж буй гол асуудал, үг хэллэгийг алдаатай орчуулснаас агуулгын алдаанд хүрч, ингэснээр тодорхой нөхцөл байдал, цаг үед үүсэн бий болдог “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”-т хамаарах нэгэн төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн үндсэн шинжээс ялгагдахгүйгээр хуульчилснаар сөрөг, илүү тодруулж хэлбэл үзэл баримтлалын гажуудал хэмээх “ноцтой үр дагавар”-т хүргэсэн алдааг залруулах шаардлагатай байна.

 

СУДЛААЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Б.ӨНӨРМАА

Энэ мэдээ танд ямар санагдав?
12
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 16 цаг 55 мин
“Шүүхийн үйлчилгээний хүртээмж ба цахимжуулалт” зөвлөлдөх уулзалт боллоо
Уржигдар 10 цаг 42 мин
254 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО.
2024-03-26 19:25
МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2024-03-26 17:11
Монголын олон улсын ба үндэсний арбитрт Спортын арбитрчид нэрээ дэвшүүлнэ үү
2024-03-26 15:47
“ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ТУЛГАМДСАН АСУУДАЛ” хэлэлцүүлэг болно
2024-03-26 13:31
ЦАХИМЖИЛТ БА БАРЫН ХОЛБОО
2024-03-25 15:18
Монголын хуульчдын холбооны эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны подкаст-3
2024-03-23 13:24
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-03-22 23:28
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: МОНГОЛ УЛС БА БНСУ-ЫН ТУРШЛАГА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-03-22 10:10
“ЗЕХ, ЗХШХШтХ (ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЙЛБАР) НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2024-03-21 19:08
“Цахимжилт ба БАР-ын холбоо” “Дижитал шилжилт ба Өмгөөлөгч” хэлэлцүүлэг болно
2024-03-21 16:16
ӨСВӨР НАСНЫ ХҮНД ОНОГДУУЛЖ БУЙ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ, ХҮМҮҮЖЛИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ
2024-03-21 12:05
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2024-03-20 19:41
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-03-20 19:07
“КОМПАНИ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ АЖИЛЛАГАА (M&A)” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ
2024-03-20 15:02
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН ХУУЛЬЧ, АРБИТРЧ Х. НАРАНБУЛАГ ОЛОН УЛСЫН АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ "WILLIAM C. VIS INTERNATIONAL COMMERCIAL ARBITRATION MOOT (EAST)" ТЭМЦЭЭНД АРБИТРЧААР АЖИЛЛАЛАА.
2024-03-20 12:22
Гэр бүлийн тухай хууль: Монгол улс ба БНСУ-ын туршлага сэдэвт хэлэлцүүлэг
2024-03-19 14:21
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-02-28 13:42
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-03-19 11:46